Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын жүжигчин бүсгүй жил орчмын дараа анх удаа олны өмнө ил гарав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бараг жил орчим хугацаанд олны нүднээс нуугдсан Хятадын алдартай жүжигчин бүсгүй Фан Бинбин өнгөрсөн Даваа гарагт анх удаа томоохон арга хэмжээнд оролцжээ.

37 настай жүжигчин Бээжинд болсон ёслолын арга хэмжээний улаан хивсэн дээр зогсож буй зургаа өөрийн Вэйбо, Инстаграм хуудсуудад нийтэлсэн байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сарын эхээр Фан Бинбиний татвараас зугтсаныг батлах баримтууд ил болж, нийгэмд дуулиан дэгдээж байв. Тэрээр кинонд тоглох гэрээнүүдээ хоёр өөр хувилбараар байгуулж, бага дүнтэй гэрээ байгуулсан мэтээр татварт тайлагнадаг байжээ.

Энэ дуулианаас хойш жүжигчин бүсгүй олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцохоо больсон юм. Өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын эрх баригчид Фан Бинбинийг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн буруутгаж, $130 саятай тэнцэх торгууль оноосноо мэдээлж байв.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь харгалзан үзээд түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүйг төрийн хэвлэлд мэдээлж байжээ.

Удалгүй Фан Бинбин сошиал хуудсандаа мэдэгдэл гаргаж, шийтгэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн юм. “Коммунист намын, төрийн мэргэн бодлогогүйгээр, ард түмний хайр хүндэтгэлгүйгээр Фан Бинбин хэн ч биш билээ” гэж тэр бичээд уучлал гуйж байжээ.

Фан Бинбиний дуулианаас үүдэлтэйгээр Хятадын засгийн газар бусад урлаг соёлын одуудад өршөөлийн хугацаа өгч, төлөөгүй татвараа сайн дураар нөхөж төлөхийг уриалж байв.

Дан эмэгтэй одууд дүрд нь тоглох “355” нэртэй Холливүүдийн киноны ажил Фан Бинбиний дуулианаас болоод завсарлаад байсан юм.

Тэгвэл энэхүү киноны зураг авалт энэ оны сүүлээр эхлэх болсныг “Variety” сэтгүүл саяхан мэдээлсэн нь Хятадын супер од уран бүтээлдээ эргэж ирснийг баталж байна. Тэрээр “355” кинонд Жессика Честэйн, Лупито Нионго, Пенелопа Круз, Марион Котияр нарын ододтой хамтран тоглох юм.

 

Эх сурвалж: CNN