Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч Дутерте Канад улсад “хогны дайн” зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте

Канад улстай үүссэн хог хаягдлын маргаанаас үүдэлтэйгээр “дайн зарлах” болсноо Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте мэдэгджээ.

2013-2014 онуудад Канадад улсаас 100 гаруй чингэлэг хог хаягдал ирсэн нь одоо болтол Филиппиний боомтуудад хадгалагдаж байгаа юм. Анх ирэхдээ дахин боловсруулагдах хуванцар хог гэсэн шошготой ирсэн нь үнэндээ ахуйн болон электроникийн хог хаягдал байжээ.

Филиппиний эрх баригчид Канад улсад хандан хуурамч нэрээр ирсэн хогоо буцааж авахыг олон жил шаардсан. Байгаль орчныг хамгаалагчид ч эдгээрийг Филиппинд “шингээхийг” эсэргүүцэж байгаа юм.

Тэгвэл тус улсын хатуу үгтэй ерөнхийлөгч Дутерте саяхан олны өмнө үг хэлэхдээ Канад улсаас хогоо буцааж авахыг шаарджээ.

“Би тэдний эсрэг дайн зарлана. Tэдний хог замдаа гарсныг би Канадын талд удахгүй дуулгана. Хүлээн авах ёслолдоо бэлдэнэ биз” хэмээн тэр ярьсан байна.

Маргааш нь Филиппинд суугаа Канадын элчин сайд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд Дутертегийн засаг захиргаатай нягт хамтран ажиллахаа батлан илэрхийлжээ. Гол нь хог хаягдлыг Канадад буцаан ирүүлэхийн тулд шүүхийн шийдвэр гарахыг хүлээж байгааг сайд учирласан байна.

Тэдгээрийг Канадын хувийн компани Филиппинд гаргасан тул хэн хариуцлага хүлээх тухай асуудал шүүх дээр маргаан үүсгээд байгаа ажээ.

2016 онд Филиппиний шүүх 1,300 тонн хогийг Канад руу буцаах шийдвэр гаргаж байсан юм.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өмнө нь 2017 онд Филиппиний ерөнхийлөгчтэй уулзахдаа хог хаягдлын маргааныг хэлэлцсэн тухай мэдээлж байв. Тухайн үед Трюдо “хог хаягдлыг Канадад буцаах асуудал онолын хувьд шийдэгдсэн” хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. 

 

Эх сурвалж: Associated Press