Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланкийн хөрөнгөтний хүүхдүүд амиа золиослогч болсныг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт загалмайн шашинтнуудын Улаан өндөгний баяртай давхцуулан Шри Ланка улсын нийслэлд террорист халдлага гарсан билээ. 359 хүн алагдаж, 500 гаруй хүн шархдсан цуврал дэлбэрэлтүүдийг исламын экстремист үзэлтэй амиа золиослогчид үйлдсэнийг тогтоогоод байна.

Орон нутгийн хоёр террорист бүлгийг Шри Ланкийн тал шалгаж байгаа бол Исламын Улс террорист байгууллага уг халдлагыг зохион байгуулснаа зарласан юм. 

Тэгвэл сүм хийдүүд, зочид буудлуудад бөмбөг дэлбэлсэн долоон амиа золиослогчийн хоёр нь Шри Ланкийн томоохон бизнесмэний хөвгүүд байсныг албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Амиа золиослосон 30 гаруй насны ах дүүс болох Имсат Ахмед Ибрахим, Илхам Ахмед Ибрахим нар нь “Ishana Exports” группын үүсгэн байгуулагч Мохамед Ибрахимын хүүхдүүд юм байна.

Түүний байгуулсан компани Шри Ланкийн хамгийн том халуун ногооны экспортлогч ажээ. Эцэг Ибрахимыг террорист халдлагатай холбогдуулан баривчилж, байцаасныг эх сурвалж баталж байна.

Амиа золиослогч ах дүүсийн тухай мэдээллийг Энэтхэгийн тагнуулын албанаас Шри Ланкийн талд өгсөн гэнэ.

Өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр Шри Ланкийн батлан хамгаалахын сайд Руван Вижевардене халдлага үйлдэгчид нь тус улсын дундаас дээш давхаргын гэр бүлүүдээс гаралтай, сайн боловсрол эзэмшсэн хүмүүс байгаа нь санаа зовоож байгааг сэтгүүлчдэд ярьжээ.

Ибрахим нь Шри Ланкийн хүн амын 7 орчим хувийг эзэлдэг муслим цөөнх дотроос хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогддог бөгөөд тус улсын бизнес, улс төрийн элитүүдтэй ойр холбоотойг эх сурвалж баталж байна.

Бусад амиа золиослогчдын дотор Их Британи, Австралид дээд боловсрол эзэмшсэн хүмүүс байгааг Шри Ланкийн тагнуулын байгууллага тогтоожээ. Нийтдээ долоон амиа золиослогч Ням гарагт загалмайн шашны дөрвөн сүм, гадаадын иргэд олноор буудаг гурван том зочид буудалд бөмбөг дэлбэлсэн юм.

 

Эх сурвалж: CNN