Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмен улс гадаадын ямар сургуулийн, ямар мэргэжлийн дипломыг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйгээ зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Туркменистан улсын эрх баригчид залуу үеийнхнийг гадаад орнуудын их сургуулиудад суралцахыг хязгаарлах, нэгэнт эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллаж амьдрах боломжгүй болгох хачин шийдвэр гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 23-нд тус улсын боловсролын яамнаас танилцуулсан жагсаалтад ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх гадаадын их сургуулиудыг танилцуулсан байна.

Жагсаалтад Беларус, Гүржийн нэг, нэг, Казахстаны хоёр, Орос, Энэтхэг, Хятадын хэдэн арван сургууль багтсан бол Баруун Европ, АНУ, Канадын ганц ч сургууль багтаагүй ажээ.

Гэхдээ уг журамд дэлхийн “Топ 1,000” их сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрнө гэсэн ойлгомжгүй заалт оруулсан байна.

Ингэснээр жагсаалтын гадна үлдсэн их сургуулиудын оюутнуудын хувь заяа тодорхойгүй болжээ. Жишээ нь хөрш Тажикстанд 4,000 орчим туркмен оюутан сурдаг. Гэтэл жагсаалтад Тажикийн ганц ч сургууль багтаагүй байна.

Үүнээс гадна спортын сэтгүүлч, олон улсын сэтгүүлч, банк санхүү, эдийн засагч, олон улсын харилцаа, хууль, менежмэнт, социологи, антропологи, шашин судлалын мэргэжлийн дипломыг есдүгээр сарын 1-нээс эхлэн Туркменистанд албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Ийм мэргэжил эзэмшсэн хүмүүсийг дээд боловсролтойд тооцохгүй гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газар гадаадад суралцдаг залуусыг хавчих, дарамтлах бодлого хэрэгжүүлэх болсон. Жишээ нь гадаадад байгаа оюутнуудад ар гэрээс нь мөнгө шилжүүлэхийг хориглож, гэртээ амрахаар ирсэн оюутнуудыг Туркменистанаас буцаж гарахыг хориглох зэрэг алхмууд хэрэгждэг болоод байгаа.

2006 оноос хойш Туркменистан улсыг тасралтгүй захирч байгаа ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов улс орондоо хатуу хяналт тогтоох олон арга хэмжээ авч байгаагийн сүүлийнх нь энэ болж байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty