Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн эдийн засгийг шинэ сонгууль улам дордуулна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы толгойлдог AK нам Истанбул хотод дахин сонгууль явуулахыг шаардсанаар лирийн ханш сүүлийн зургаан сарын доод түвшиндээ хүрч сулрав.  

Нэгдүгээр сарын байдлаар тус улсад ажилгүйдлийн түвшин 14.7%-д хүрсэн нь сүүлийн 10 жилд байгаагүй муу үзүүлэлт аж. Тэгвэл Moodys агентлаг Турк улсын эдийн засгийн 2019 оны төлөвийг 2%-ийн л өсөлттэй хэмээн төсөөлсөн бол Дэлхийн банк 1.6% хэмээн тооцоолоод байна.  

Өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуульд ялагдсан АК нам ийнхүү Истанбулд шинээр дахин сонгууль явуулахыг шаардсан нь угаас улс төрийн хурцадмал байдал, олон улсын харилцааны мухардлаас үүдэн ханшаа алдаад байсан мөнгөн тэмдэгтийг энэ долоо хоногт улам уруудахад хүргэлээ. 

“Сонгуулийн үр дүнд өөрчлөлт гарсан гараагүй зах зээл хэдэн сардаа тогтворгүй хэвээр  байна” хэмээн Bluebay Asset Management-ийн Хөгжиж буй зах зээлийн шинжээч Тимоти Эш хэлжээ. 

Туркэд өөр сонгуулийн кампанит ажил хэрэгтэй

Мягмар гарагт нэг ам.доллар 5.82 лиратай тэнцсэн нь өнгөрсөн аравдугаар сараас хойших хамгийн сул ханш юм. 2017 оны дунд үед энэ ханш 3.5-тай байжээ. 

Хэдийгээр Туркийн Төв банк нөөцөө нэмэгдүүлэх замаар мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хамгаалахаар оролдож байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Иргэд нь хүртэл үндэсний мөнгөн тэмдэгтээсээ зай барьж, евро, ам.доллараар арилжаа хийх хүмүүсийн тоо нэмэгдэх болжээ. 

Эдийн засгийн өвчин 80 сая иргэнд “халдварлав”

 

80 сая хүн амтай, НАТО-гийн цэргийн хоёр дахь том бааз болсон Турк улс өнгөрсөн онд уналтад орж, 2018 оны сүүл гэхэд лирийн ханш ам.долларын эсрэг 36% суларсан билээ. Энэ нь олон шалтгаантай. 

Р.Т.Эрдоган Төв банкны хараат бус байдалд халдах болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүргэсэн. Энэ нь тус улсын урсгал дансны алдагдал нэмэгдэж, инфляц тэнгэрт хадаж, Туркийн бизнесүүд гадаад валютын өрийг өсгөх шалтгаан болж, Вашингтон дипломат хориг арга хэмжээ авахаар заналхийлсэн байдаг.

Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд болсон орон нутгийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгууль биш хэдий ч Эрдоганы баруун жигүүр болох АК нам нийслэл хот Анкара, эдийн засгийн төв Истанбул гэсэн хамгийн том хоёр хотод 25 жил хэрэгжүүлсэн эрх мэдлээ алдахад хүрсэн нь Турк улсын Ерөнхийлөгчийн бодлогод шинэчлэл шаардлагатайг өргөн хүрээнд харуулав. 

АК нам уг санал хураалтын дүнг “хууль бус” хэмээн шалтаглаж, шинээр сонгууль явуулахыг шаардаж байгаа нь ардчилалд халдаж буй хэрэг хэмээн шүүмжлэгчид буруушааж байна. 

Хөрөнгө оруулагчдыг үргээсээр

AllianceBernstein-ий Хөгжиж буй зах зээлийн Өрийн стратеги эрхэлсэн захирал Шамайла Ханы хэлж буйгаар шинэ сонгууль зах зээлийн хэтийн төлөвт маш чухал аж. 

Анкара санхүүгийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, банкны салбарын эргэн төлөлтийг ил тод болгох, инфляцын үзүүлэлт гээд Туркийн эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг тогтворжуулах нөхцөлийг хангахаар ажиллах зуур шинэ сонгууль Засгийн газрын шийдэхээр оролдсоор байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид дарамт учруулж, эрсдлийг улам нэмэгдүүлж мэднэ хэмээн тэрбээр CNBC-д ярьжээ. 

Эрдоган одоо байгаа 19%-ийн хувийн инфляцыг өсгөхийн оронд нам дор түвшинд барихыг оролдож байв. Гэвч түүний нам орон нутгийн сонгуульд урьд өмнө байгаагүй ялагдал хүлээсэн энэ үед Эрдоганыг мөнгөний популист бодлого хэрэгжүүлнэ хэмээн хөрөнгө оруулагчид айж байна. Сонгуулийн үр дүнгээс илүүтэй эдийн засгийн цогц шинэчлэл хийж, зах зээлийг тогтворжуулах нь чухал болохыг шинжээчид хэлж байгаа ч ийм хүчин чармайлт одоог хүртэл хэрэгжихгүй байгаа.   

Нэмж тодотгоход, өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотноо болсон ОУВС-ийн хаврын уулзалтын үеэр Туркийн Сангийн сайд Бэрат Албаярактай хийсэн хөрөнгө оруулагчдын яриа хэлэлцээ тэр чигтээ сөрөг шүүмжлэл дагуулсан. Хөрөнгө оруулагчид Туркийн албаны хүмүүсийн талаар олон дутагдал нэрлэсэн төдийгүй J.P. Morgan-ий судалгаагаар хөрөнгө оруулагчдын 80% нь Анкарад болсон үйл явдлыг эргүүлэх итгэл найдвар байхгүй хэмээн үзсэнийг энэ үеэр танилцуулав.

“Санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих бодлого Засгийн газарт үгүйлэгдсээр байна” хэмээн TS Lombard-ийн Хөгжиж буй зах зээлүүдийн эдийн засагч Ларри Брайнард өнгөрсөн долоо хоногт тэмдэглэн хэлээд “(Түүний) шинэ төлөвлөгөө ... банкуудын балансыг хадгалахад дэвшил авчрахгүй байх магадлалтай. Үүний улмаас санхүүгийн болон эдийн засгийн өсөлт нь удааширч байна” гэжээ.

Турк улс энэ байдлаас гарах хамгийн сайн арга нь ОУВС-ийн хөтөлбөр хэмээн олон эдийн засагч онцолсон. Хэдий тийм ч олон улсын зээлдүүлэгч байгууллага өөрөө энэ талаар байр суурь илэрхийлээгүй байна. 

Вашингтоны хоригоос үүдэлтэй мухардал

 

Оросод үйлдвэрлэгдсэн “S-400” хэмээх пуужингаас хамгаалах систем Анкарад хэрэгтэй байгаа тухайгаа Албаярак Д.Тармпад хандан илэрхийлсэн нь НАТО дахь байр суурийг нь ганхуулж байна хэмээн Вашингтон дахь олон талууд үзсэн. 

Турк улс “S-400” болон АНУ-д үйлдвэрлэгдсэн “F-35” сөнөөгч онгоцны аль нэгийг сонгох гэж ядах зуур Пентагон аюулгүй байдлын хамтын ажиллагааны хувьд хамтран ажиллах боломжгүй болохоо илэрхийлж байгаа тул үнэн хэрэгтээ Эрдоганы Засгийн газар АНУ, ОХУ-ын аль нэгийг сонгох сонголтын өмнө ирсэн гэсэн үг. 

Шинжээчдийн дүгнэснээр сүүлийн үед бүр ч ноцтой хэмжээнд хүрээд байгаа АНУ хоорондын хурцадмал байдал, сонгуулийн таамаглаагүй үр дүн нийлээд Туркийн хөрөнгөд цаашид дарамт учруулахаар байна.

“Туркэд сонгуулийн өөр кампанит ажил шаардлагатай” хэмээн Bluebay’s-ийн шинжээч Эш хэлээд “S-400-г худалдан авбал бараг л АНУ хориг тавих үндэс болно. Турк улсын талаар 20 жилийн турш мэдээлэл бэлтгэх хугацаанд ийм зүйл тохиолдож байсныг би мэдэхгүй” хэмээн нэмж хэлэв. 

 

Эх сурвалж: CNBC