Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Apple, Amazon-ы дараа Майкрософт их наядын босгыг анх удаа давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн технологийн томоохон компани Майкрософт өчигдөр сүүлийн улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа.

44 настай тус компанийн сүүлийн гурван сарын орлого өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн тухай сайн мэдээ хувьцааны үнийг нь 4 хувиар өсгөж, зах зээлийн үнэлгээг нь хэсэг хугацаанд нэг их наяд ам.долларт хүргэжээ.

Ингэснээр Майкрософт нь их наядын үнэлгээнд хүрсэн гурав дахь компани болж, Apple, Amazon-ы араас жагсаж байна.

Өнгөрсөн улирлын орлого нь $30.6 тэрбумд хүрсэн нь Wall Street-ийн төсөөлж байсан $29.86 тэрбумын хэмжээг давсан хэрэг байв.

Windows үйлдлийн системтэй PC компьютерын зах зээл хумигдаж байгаа ч Майкрософтын cloud-computing үйлчилгээ, Office 365 бүтээгдэхүүн нь орлогын өсөлтөд гол нөлөөг үзүүлжээ.

Cloud-computing буюу үүлэн тооцооллын үйлчилгээ нь нийтдээ $9.6 тэрбумын орлого олж, өнгөрсөн оны мөн үеэс 41 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдаар бусад бизнесүүдээ тэргүүлсэн байна.

Харин Office 365 бүтээгдэхүүний өнгөрсөн улирлын орлого $10.2 тэрбумд хүрсэн нь 2018 оны эхний улирлын орлогын хэмжээнээс 14 хувиар өссөн дүн болжээ.

Уг бүтээгдэхүүний хэрэглэгчдийн тоо 34.2 саяд хүрсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider