Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин Украины иргэдэд ОХУ-ын паспортыг түргэвчилсэн журмаар олгох шийдвэрийг баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарласан мужуудын иргэдэд түргэвчилсэн журмаар иргэний паспорт олгодог болгох шийдвэрт гарын үсэг зуржээ.

Тэрээр энэ шийдвэрээ хүний эрхийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна.

Лхагва гарагаас шууд хэрэгжиж эхэлсэн журмын дагуу Украинаас салан тусгаарлаж, бүгд найрамдах улс байгуулсан Луганск, Донецк мужуудын 3.7 сая орчим оршин суугч гурван сарын дотор ОХУ-ын иргэн болох боломж нээгджээ. Эдгээр мужуудад орос гаралтай хүн ам голлодог.

Уг шийдвэр нь Украинд ерөнхийлөгчийн сонгууль болсноос гурван өдрийн дараа гарч байна. 

Майданы хувьсгалын дараа 2014 онд Украинд тогтсон засаглалыг эсэргүүцсэн дорнод мужууд сүүлийн таван жилийн турш салан тусгаарлах зорилготой зэвсэгт тэмцэл явуулж байгаа. Дайны хөлд нэрвэгдэж зовсон энгийн номхон иргэдийн эрхийг хамгаалах үүднээс уг шийдвэрийг гаргаснаа Путин тайлбарлажээ.

Өрнөдийн зарим хэвлэлүүд уг үйлдлийг Украины Луганск, Донецкийн бүс нутгуудыг ОХУ өөртөө нэгтгэх эхлэл гэж дүгнэж байна.

 

Эх сурвалж: Quartz