Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гамшгаас хамгаалах сургуулилалтад иргэд идэвхтэй оролцож байна

ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэл даяар өнөөдөр 08:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио хангинаж, гамшгаас хамгаалах сургуулилалт эхэллээ.

Улаанбаатарын баруун захаас эхлэн явахад иргэд сургуулилалтад идэвхтэй оролцож байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны дугаар байрны нэлээд оршин суугч 07:40 цаг гэхэд гэрээсээ гарчихсан аюулгүйн талбайд цугларсан байв.

08:10 цаг гэхэд Баянгол дүүргийн 10 хороолол орчимд иргэд аюулгүйн талбайд гарсан байлаа.

08:14 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэд УИД-ийн өмнөх талбайд цугларчээ.

Таниулах хуудас дээрээ тамга даруулна

Иргэд аюулгүйн талбайд таниулах хуудсаа авч гарч ирэн хорооны ажилтандаа бүртгүүлж, сургуулилалтад оролцсон гэдгээ баталгаажуулан тамга даруулж байв.

08:25 цагт УДЭТ-ийн урд талын аюулгүйн талбайд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэд идэвхтэй гарч ирсэн байлаа.

Замын хөдөлгөөн бүрэн хаагдсан тул иргэд явган, хүүхдээ тэргэн дээр түрсэн, дугуй унаж хөдөлгөөнд оролцох нь илүүтэй харагдлаа.

Харин нийслэлийн зүүн хэсэг буюу 13 дугаар хороолол орчмын иргэд сургуулилалтдаа хэрхэн оролцож буйг дроноор ШУУД ДАМЖУУЛАН хүргэж байна.

ВИДЕО
https://www.facebook.com/iKonNews/videos/2005507342892205/
ФОТО
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадаа байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох.
Улаанбаатар хотод онц хүнд нөхцөл байдал үүсгэсэн газар хөдлөлт болвол яах вэ?

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургуулийн хоёр дахь цагийн байдлыг нийслэлийн ЗДТГ-ын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өчигдөр 15:10 цагт илтгэсэн юм. 

Өглөө 11.00 цагт Улаанбаатар хотын орчимд буюу Богд уулын зүүн тал, Хүрэлтогоотын аманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдөллөө гэсэн эхний цагийн байдлыг мэдээлсэн. Харин өдгөө  нөхцөл байдал нэлээд хүндэрч, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн гамшигт өртжээ.

Дадлага сургуулийн удирдагчаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад  хүргүүлсэн энэ удаагийн цагийн байдалд “2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний 15.00 цагт Улаанбаатар хотоос баруун зүгт Эмээлтийн хагаралд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн улмаас Улаанбаатар хотын орон сууц, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламж, зам, гүүр, цэвэр, бохир усны болон дулааны шугам хоолой, цахилгааны шугам сүлжээнд их хэмжээний эвдрэл, сүйрэл учирлаа.

Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээний барилга, байгууламжийн 30 гаруй хувь нь нурсан. Дулааны II, III цахилгаан станцад дэлбэрэлт болсон, үүрэн холбооны болон суурин утасны сүлжээ эвдэрч холбоо тасарсан. Улсын I, II төв эмнэлгийн барилга 40 хувь, Цэргийн төв эмнэлгийн барилгын 50 хувь нь нурж, дэд бүтэц эвдэрснээс эмчилгээ үйлчилгээ явуулах боломжгүй болсон. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нисэх, буух зурваст эвдрэл үүссэний улмаас онгоц хөөрөх, буух боломжгүй болсон.

Нийслэлийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, олон нийтийн үйлчилгээний байгууллагын барилга байгууламжийн 80 хувь, урьдчилсан тойм байдлаар орон сууцанд амьдардаг 60.000 гаруй хүн гамшигт өртөж, 20.000 орчим айл, өрх орон гэргүй болоод байна. МҮОНРТ-ийн цамхаг нурж сүйрсэн.

Амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүний тоо тодорхойгүй, иргэд бие биедээ тусалж, нурангид дарагдсан нэгнээ аврахаар оролдож байна. Олон тооны өндөр барилгад нуралт, эвдрэл үүссэнээс олон хүн гарах боломжгүй болсон.

Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төмөр зам эвдэрч галт тэрэг замаас гарсан, Улаанбаатар хотын хуучны автозам, гүүрүүдэд их хэмжээний эвдрэл үүсч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн зогссон.

Багахангай, Багануур дүүрэгт газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэж зарим орон сууц, үзвэр үйлчилгээний барилга эвдэрсэн.

Иргэд гэр бүлийн гишүүдээ хайх, эд зүйлсээ авах зэргээр барилга, байгууламж руу орох эрсдэлтэй үйлдэл хийх, эзэнгүй орон байрнаас бусдын эд зүйлсийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүд гарч, гудамж талбайд үймэлдэн эмх замбараагүй байдал бий болох төлөвтэй.

Хорих 401, 421 дүгээр ангийн барилгад эвдрэл үүсэх үед 20 хоригдол, цагдан хорих байрны барилга нурснаас онц ноцтой гэмт хэргийн сэжигтэн болох таван этгээд оргон зайлсан байна.

Энэ үед агаарын температур 8-12 хэм дулаан, салхи баруун хойноос 9-12 м/с хурдтай байна гэсэн цагийн байдлыг бүх шатны төр захиргааны байгууллага, ААН-үүд, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулав.

Дээрх газар хөдлөлтийн гамшиг ослын онц хүнд нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ команд штабын дадлага сургуульд оролцож буй бүх байгууллагууд 20.00 цагт эргэж илтгэх бөгөөд илтгэхдээ үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, санал гэсэн үндсэн гурван хэсэгт тулгуурлан мэдээлэх юм.