Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ жил нэгдүгээр ангид элсэгчдийг ТАВДУГААР САРД бүртгэнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жил нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл хэзээнээс эхлэх болон хэдэн сард төрсөн хүүхэд нэгдүгээр ангид орох талаар нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой. Одоогийн байдлаар хамран суралцах тойргийн тухайд тушаал гараагүй ба боловсруулах шатанд явж байна.

 Энэ жил улсын сургуулийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг хавар бүртгэнэ. Бүртгэлийг тавдугаар сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Тов нь тодорхой болмогц олон нийтэд мэдээлэл өгнө” хэмээн хэллээ. 

Мөн энэ жил нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэж магадгүй байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн ерөнхий боловсролын "Шинэ Монгол" сургуулийн захиралд явуулсан албан бичигтээ "Нийслэлийн Боловсролын газраас энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах бэлтгэл хангаж байна" гэжээ.

Өнгөрсөн жил зургаан настнуудыг хавар бүртгэж байсан бол энэ жил тавдугаар сард бүртгэхээр болсон байна.