Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Удаан хүлээлгэсний эцэст Дональд Трамп Британий хатан хааны ордонд уригдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Британий хатан хаан Элизабет II АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг гэргийн хамт айлчлан ирэхийг урьсан байна.

Энэ нь төрийн айлчлал бөгөөд зургаадугаар сарын 3-5-нд төлөвлөгджээ. АНУ-ын олон ерөнхийлөгч Нэгдсэн Вант улсад айлчилж байсан ч зөвхөн “бага” Буш, Обама хоёр төрийн айлчлал хийж байсан түүхтэй.

Төрийн айлчлал нь илүү сүр жавхлантай болж, зочныг сүйх тэргээр залж, Букингэмийн ордонд хатан хаан зоог барьдаг дэгтэй.

Өнгөрсөн оны долдугаар сард Трамп Британид айлчилж байсан нь төрийн биш, албан ёсны айлчлалд тооцогддог. Тухайн үед Дональд Трамп Виндсорын шилтгээнд хатан хаантай цайлаад өнгөрсөн юм.

Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа ерөнхий сайд Тереза Мэй түүнийг Британид урьж байв. Гэхдээ олон британичууд Трампыг хатан хааны хүндлэлийг хүлээх хүн биш гэж үзэн айлчлалыг нь эсэргүүцэж байлаа. Уг эсэргүүцлийг намжаах зорилгоор, мөн Европын Холбооноос гарах үйл явцаас болж Трампын төрийн айлчлал хоёр жил хойшилсон юм.

 

Өнгөрсөн онд албан ёсны айлчлал хийх үед олон арван мянган британичууд Лондон хотын гудамжинд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, парламентын ордны гадна 6 метр өндөр, живх өмссөн “бяцхан Трамп”-ын дүрстэй хийлдэг бөмбөлөг хөөргөж байжээ.

Энэ удаагийн айлчлалын үеэр ч үүнээс дутахгүй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Associated Press