Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Эерэг үзүүлэлттэй энэ таатай үед банкны салбар эдийн засгаа доош чангааж болохгүй"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 4 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Банкны салбар эрүүл саруул байх нь эдийн засагт хамгийн чухал. Эдийн засгийн тогтвортой өсөлтөд санхүүгийн салбарын тогтвортой байдал маш чухал гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану нар дахин дахин онцгойлон сануулав. Эдийн засгийн эерэг үзүүлэлттэй энэ таатай үед банкны салбар эдийн засгаа доош чангааж болохгүй учраас банкуудыг дахин хөрөнгөжүүлж, салбарыг эрүүл болгох нь цаашид Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол хөшүүрэг болно гэв.  

Монгол Улсын эдийн засаг 2019 онд 7.2%-ийн өсөлттэй байна хэмээн Дэлхийн банк урьдчилан таамаглажээ. Сонгуулийн өмнөх жилийн төсвийг улс төрөөс хараат бус байлгахын тулд төсвийн бодлогын сахилга батаа 2018 оны хэмжээнд үргэлжлүүлэх хэрэгтэйг ч зөвлөв. Ингэж чадвал Дэлхийн банкны дээрх өөдрөг төсөөлөл биеллээ олох боломжтой гэдгийг Андрей Михнев өнөөдөр Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан төлөвийг танилцуулах үеэр тодотголоо. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хувьд 2018 онд эдийн засгийн эерэг үзүүлэлттэй жил байсан бол хэтийн төлөвийн хувьд:

  • 2020-2021 онд эдийн засгийн өсөлт ойролцоогоор ДНБ-ийн 6.9%-д байна
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон дотоодын олгож буй зээлийн дэмжлэгтэй өсөх хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт энэ хэвэндээ хадгалагдана. 
  • Хүчтэй эрэлтийн улмаас 2019 онд инфляц өндөр хэвээр байх магадлалтай
  • Өсөн нэмэгдэж буй импорт болон банкны салбараас олгож буй зээлтэй холбоотойгоор үүсэх инфляцыг хазаарлахын тулд Монголбанк бодлогын хүүгээ чангалах магадлалтай гээд банкуудын дахин хөрөнгөжүүлэх үйл явцын хэрэгжилтийг үр дүнтэй байх талаас нь хянах ёстойг анхааруулав.  
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бусад салбарт татах чадвараа сайжруулахыг Дэлхийн банк зөвлөлөө
  • Дунд хугацааны макро эдийн засгийн бат бөх төлөв байдал ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсаар байх төлөвтэй. 

Эрсдлийн хувьд хамгийн түрүүнд 2020 оны сонгуультай холбоотой улс төрийн тогтворгүй байдлыг нэрлэв. 

  • Мөн дэлхийн зах зээлд нөлөөлөл нь улам нэмэгдэж буй БНХАУ, АНУ-ын худалдааны дайн 
  • Уур амьсгалын цочрол нөлөөлөл
  • Хятадын хилийн зурвас дахь өсөн нэмэгдэж буй хүндрэл
  • Мөнгө угаахтай тэмцэх асуудал Монголын эдийн засгийн эрсдэлд багтжээ.

Энэ бүхнийг төсвийн бодлогын сахилга батаа тууштай хадгалж, улс төрийн нөлөөнөөс ангид байлгаснаар даван туулах бөгөөд ирэх 4-5 жилд хүлээгдэж буй Монгол Улсын 14 тэрбум ам.долларын өрийг хүндрэлгүй төлөх боломжтой гэдгийг санууллаа.