Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж бүхий Тархи судлалын хүрээлэнтэй боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
 

XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бол тархи судлалын салбар юм.

Тэгвэл өнөөдөр АШУҮИС-ийн дэргэдэх Тархи судлалын хүрээлэн нээлтээ хийлээ. Уг судалгааны хүрээлэн нь тархи судлалын чиглэлээр монголдоо анхдагч болж байна.

Сэтгэл гутрал, амиа хорлолт, айдас, донтох эмгэг зэргийн судалгааг хийнэ
 

Тархи судлалын хүрээлэн байгуулагдсанаар орчин үеийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцөлөөр бэхжүүлэх болон гадаад, дотоодын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн ба мэдрэлийн эмгэг болох сэтгэл гутрал, амиа хорлолт, айдас, донтох эмгэг, парконмоны эмгэг, цус харвалт, артерийн даралт ихсэх өвчин, мэдрэлийн ядаргааны талаарх судалгааг хийнэ.

 Цаашид салбар дундын судалгааны лаборатори байгуулж, генийн инженерчлэлийн технологийг нэвтрүүлэх зорилготой байгаа. 

Ихэнх хүмүүс тархи судлалыг ихэвчлэн сэтгэл судлалтай андуурдаг. Гэтэл сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, нейроимежинг зэрэг олон салбарын суурь шинжлэх ухаан нь тархи судлал юм.

Одоогийн байдлаар судалгааны хүрээлэн найман хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Цаашид боловсон хүчнүүдээ нэмнэ хэмээн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, Монголын нейросайнсийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Баттүвшин хэллээ.

Монгол хүний уураг тархины онцлогт тулгуурлан судалгаагаа хийнэ
 
Гэрэл зургийг MPA.mn

Харин АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон “Монголд тэргүүлэх чиглэлийн судалгааны лаборатори бий боллоо. АШУҮИС-ийн цөм лабораторийн дэргэд хүрээлэнг байгуулж буй нь их онцлогтой. Тус хүрээлэн өндөр хүчин чадал бүхий  орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Олон улсад генийн инженерчлэл болон бусад судалгаанд өргөн ашиглагддаг хар хулганы колонийг үржүүлж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад бол нарийн мэргэжлийн дадлага туршлагатай судлаачид ажилладаг. Бидний хувьд харин цөм лабораторийнхаа нөөц бололцоонд тулгуурлан тархи судлалын хүрээлэнг байгуулж байгаад баяртай байна.

Судалгааны хүрээлэн байгуулагдсаар эхний ээлжинд тархи судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ явах боломж бүрдэж байна гэсэн үг. Ингэхдээ монгол хүний уураг тархины онцлогт тулгуурлан судалгаагаа хийх ба ойролцоогоор 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж байршуулсан.  

Мөн Хятад улсад тэргүүлэх судалгаа шинжилгээний хүрээлэн нь тархи судлалын хүрээлэн юм. Тэр ч утгаараа Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс”сэтгүүлийн ерөнхий редактор болон Нобелийн шагналт эрдэмтэн Эдварт Мозер, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа тархи судлалын хүрээлэнгийн захирал Мү Минг Пүү нар дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсонд таатай байна” гэв.