Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын удирдагч ОХУ-ын хилийг давжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны хөлөглөсөн хуягт галт тэрэг өнөөдөр өглөө ОХУ-ын нутагт орж ирсэн байна.

Тэрээр Номхон далайн боомт хот Владивостокт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай анх удаа уулзах гэж байгаа юм.

Өнөөдөр өглөө эрт Ким Жон Уны галт тэрэг Оросын хилийн Хасан өртөөнд саатахад албаны хүмүүс баглаа цэцэг, талх давстай угтаж авсан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Пүрэв гарагт эхлэх хоёр удирдагчийн уулзалт Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудалд гол анхаарлаа хандуулна гэдгийг Кремлийн зөвлөх Юрий Ушаков мэдэгдсэн байна.

Ким Жон Уны айлчлал түүний Вьетнамд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хоёр дахь уулзалтаас хоёр сарын дараа болж байгаа юм.

2011 онд одоогийн удирдагчийн талийгаач эцэг Ким Жон Ил ОХУ-д хамгийн сүүлд айлчилж байв.

Вьетнамд хийсэн Трамп-Кимийн уулзалт үр дүнгүй болсон нь Умард Солонгосыг хуучны холбоотон ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхэд хүргэсэн гэж зарим ажиглагчид дүгнэж байна.

Ушаковын мэдээлснээр Путин-Кимийн уулзалтын бас нэг сэдэв нь талуудын хамтын ажиллагаа байх гэнэ. Хоёр орны худалдааны хэмжээ өнгөрсөн онд дөнгөж $34 сая байжээ. Үүнд Пёньяны эсрэг хэрэгжиж буй олон улсын эдийн засгийн хориг гол нөлөөтэйг Ушаков тайлбарласан байна.

Эх сурвалж: Associated Press, Russia Today