Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн Өмнөд Ази хуванцар хог хаягдлын хамгийн том цэг болсныг судалгаагаар нотолжээ

О.Булган, iKon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

БНХАУ 2018 он гарснаар дэлхийн бусад улсуудаас хүлээн авдаг байсан хуванцрын төрлийн хаягдал импортлохыг зогсоосон шийдвэр гаргаснаар томоохон улсуудын хог хаягдлын урсгал Зүүн Өмнөд Азийн бүс нутаг руу чиглэх болсон.

Хуванцар хог хаягдлын талаарх судалгааг Global Alliance for Incinerator Alternatives (GAIA) хэмээх байгууллага сүүлийн нэг жилийн хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд өчигдөр тус судалгааны үр дүн нийтэд ил болоод байна.

Тэгвэл судалгаагаар Зүүн Өмнөд Азийн бүс нутаг хуванцар хог хаягдал хүлээн авдаг хамгийн том цэг болоод буйг нотолжээ.

Хуванцар хог хаягдлын эсрэг олон улсын хөдөлгөөний зохицуулагч Вон Хернандез "Зүүн Өмнөд Азийн улсууд руу очиж буй энэ их хуванцар хог хаягдал нь өмнө цэвэр байсан газрыг хорт хогийн цэг болгон өөрчилж байгааг бид харж байна.

Энэ нь аж үйлдвэржсэн, өндөр хөгжил болоод томоохон эдийн засагтай улс орнуудын гаргаж буй шударга бус шийдвэрийн үр дүнд нөөц бололцоо, эдийн засгийн чадамж бага улсууд ийнхүү хохирч буйн томоохон илрэл юм" хэмээжээ.

Түүнчлэн судалгаагаар хамгийн их хуванцрын хог хаягдлаа илгээж буй улсад АНУ, Их Британи, ХБНГУ болон Япон зэрэг улсууд тэргүүнд бичигдэж байна.

Зүүн Өмнөд Азийн Индонез, Малайз болон Тайланд улсууд өнгөрсөн жил хуванцар хог хаягдлыг гадны улсаас хүлээн авахыг зогсоосон хязгаарлалт гаргаж байсан хэдий ч хүчин төгөлдөр үйлчлэхгүй байгаа нь энэ юм. 

 

 

Эх сурвалж: Rappler