Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хэлтсийн дарга нарын зодолдсон хэргийг шалгаж байна

О.Дашням, Өдрийн сонин
2019 оны 4 сарын 24
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч зодолдож нэгнийхээ аминд хүрсэн хэрэг саяхан гарсан. Энэ хэрэг гүйцэд шийдэгдээгүй байхад үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга нар архидан согтуурч нэгнийгээ хэвтэрт ортол зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан байна.

Зодооны улмаас иргэн Д-гийн нүүрний яс цөмөрч, нүд хараагүй болж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Бид энэ талаар тодруулж хохирогчтой уулзахаар тус эмнэлгийг зорьсон юм. Гэмтэл согог судлалын эмчээс энэ талаар тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт нүүр, нүдэндээ хүнд гэмтэл авсан залуу манайд ирсэн. Эмч нар хуралдаж яаралтай мэс засал хийсэн ч биеийн байдал нь дорвитой дээрдээгүй. 

Одоогоор нүдэндээ шаардлагатай эмчилгээ хийлгэхээр гарч явсан байна. Яаралтай эмчилгээ хийгээгүй тохиолдолд амь насанд нь ч ноцтой байж болох байдал үүссэн. Их хүчтэй цохисон байна лээ” гэж хэлсэн юм. 

Ямартаа ч Мэдээлэл харилцаа холбооны ажилчдын зодооны улмаас Д гэх залуу хүнд гэмтсэн байдалтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж ирснийг эмч нар нь мэдэгдлээ. Гэмтэл авсан залуу нүдээ эмчлүүлэхээр “Болор мэлмий” эмнэлгийг зорьсон талаар эх сурвалж мэдэгдсэн юм.

Уг зодооны улмаас албан тушаалаасаа халагдсан Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга асан Б.Цогтсайхантай холбогдож тодруулга авлаа.

-Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга нар архидан согтуурч хоорондоо зодолдож нэгнийгээ хүнд гэмтээсэн гэх мэдээлэл байна. Хэлтсийн дарга нарын хооронд зодоон болсон уу?

-Та нарын яриад, бичээд байгаа аймшгийн зодоон нүдээн цус неж болоогүй, ухаан балартаж яваагүй. Орой 19:00 цаг өнгөрч ажлын цаг дууссан хойно хамт архи уусан улс нэгнийгээ цохисон асуудал гарсан. Уусан газрынх нь камерт ч бичигдсэн байгаа. Энэ хэргийг цагдаа нар шүүгээд үнэн мөнийг нь тогтоож байхад та нар битгий дундуур ороод бай.

-Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа гэсэн?

-Чи илүү тодорхой мэдээлэл цуглуулаад сайн юм бичээрэй. Сүүлд нь залруулах гэж их юм болно шүү.

-Та албан тушаалаасаа халагдсан гэсэн. Ямар шалтгаанаар ажлаа өгсөн бэ?

-Чамд хамаагүй. Чамд ямар ч мэдээлэл өгөхгүй гэв. Энэхүү зодоонд гар бие оролцсон хэлтсийн дарга Л.Мөнхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Тус зодоон албан тушаалын төлөөх тэмцэл, халаа сэлгээний асуудлаас болж өрнөсөн гэдгийг Мэдээлэл холбооны сүлжээ компанийн ажилтнууд хэлж байлаа.

Мэдээлэл холбооны сүлжээ бол төрийн өмчит компани. Төрийн албан хаагч болон төрийн өмчит компанийн ажилтнууд архидан согтуурч, овилгогүй зан гаргаж албан тушаалын төлөөх тэмцэлд нэгнийгээ хөнөөхөд бэлэн байгааг Зам, тээвэр хөгжлийн яамны дарга нарын хүн амины хэрэг болон Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга нарын зодоон илчилж өглөө. Албан тушаал гэдэг иргэдийн зүгээс үүрүүлж буй хариуцлага байдаг.

Одоо үед дарга нар үүнийг хариуцлага гэхээс илүү шагнал гэж үзэж албан тушаалын төлөө зодолдож ийм байдал үүсгэж байна. Холбогдох яамдын дарга нар үүнийг анхааралдаа авахгүй бол дахиад хэн нэгний амь албан тушаалын төлөөх зодооноос үүдэж эрсдэхэд ойрхон байна.

Зураг