Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын рейтинг өссөн шалтгаан юу вэ?

ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нэг үе олны дунд УИХ-ын нэр хүнд ихэд буурсан, бараг л хамгийн муу үнэлгээтэй болсон мэт яриа, энд тэндхийн мэр сэр судалгаа гарсан нь харагддаг байв. Парламентын нэр хүнд ийн тааруу гарахад батлан гаргасан шийдвэрээс нь илүүтэй тэнд суугаа улстөрчдийн нэр хүнд тааруухан, сонгогч олныхоо итгэлийг хүлээж чадахгүй байгаа нь илүүтэй нөлөөлсөн байх.

Харин УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш хууль тогтоох байгууллагад итгэх олны итгэл өмнөх үеэс мэдэгдэхүйц сэргэснийг мэргэжлийн судалгааны байгууллагаас ойрмогхон гаргасан нэгэн судалгаанаас харж болох юм.
Хараат бус судалгааны “МЭК” байгууллага энэ 4 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотод оршин суугаа 1070 иргэнээс судалгаа авахад судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь УИХ-ын үйл ажиллагаанд эерэг үнэлэлт өгсөн нь өмнөх 3 сарынхаас бараг 2 дахин өсөж, 3.5 пункт болсон үзүүлэлтээс харагдаж байна. 

УИХ-ын нэр хүнд 2017 оны 8-р сараас хойш уруудсаар 2019 оны 1-р сар гэхэд 1.9 хувьд хүрээд байв. Харин 2019 оны 2-р сараас эхлэн өгсөж, тус сард 2.6, 3-р сард 2.9 хувьд хүрч, 4-р сарын дүнгээр 3.5 хувийг заажээ. Энэ өсөлтийн график УИХ-ын даргаар Гомбожавын Занданшатар томилогдон ажиллаж эхэлсэн үеийг хамарч байгаа юм.  

Нийгмийн хүлээлт, олон түмний шаардлагын дагуу УИХ оны эхэнд шинэ даргатай болж, улмаар нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох, олон түмний алдагдсан итгэлийг олж авах үүднээс хууль тогтоох байгууллага, түүний гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад анхаарч, зарим тодорхой шийдвэр гаргаад байгаа нь олны итгэл сэргэхэд дөхөм болжээ гэж үзэж болох талтай.

Хаврын чуулганы өмнөхөн УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, татварын багц хуулийг шинэчлэн баталсан нь бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд татварын таатай орчин бүрдүүлэх, татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, хүнд суртал, чирэгдлийг багасгахад чиглэсэн эрх зүйн боломжийг бүрдүүлж өгснөөрөө олон түмний сэтгэлд нийцсэн нь лавтай. Оны эхний улирлын дүнгээр татварын орлого давж биелсэн дүнтэй гарсан талаар Сангийн сайд сэтгүүлчдэд мэдээлсэн нь үүний илрэл юм.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус болон хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ шударга ёс, сахилга, хариуцлага, хуулийн засаглал гэсэн үгсийг байнга онцолж, цохон дурдаж байгаа нь анзаарагдсан. УИХ-ын хаврын чуулганы бүхий л үйл ажиллагаа энэ чиглэлд түлхүү чиглэж байгаа нь хаврын чуулганаар хэлэлцэж батлахаар төлөвлөсөн хууль тогтоомжуудаас харагдана. 

Энэ үндсэн дээр олон нийтийн хүлээлт, нийгмийн хүсэмжлэлд хариулт болгож, шударга ёсыг сэргээх үүднээс хууль шүүхийн байгууллагын удирдлагуудын томилгооны асуудлаарх эрх зүйн шинэ зохицуулалтыг парламент хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд олны шүүмжлэлд өртөж, нийгэмд хүлээлт үүсгээд байсан хууль шүүхийн байгууллагын зарим удирдлага шинэчлэгдэж байгаа нь нийгэмд шударга ёс тогтох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зөв үйлийн эхлэл гэж олон нийт харж, хүлээж байх шиг байна.

Хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш олны сэтгэлд хүрэхүйц, нүдэнд харагдахуйц нэг зөв алхам нь УИХ-ын гишүүд хурууны хээгээрээ ирцэд бүртгүүлж, саналаа өгдөг болсон явдал юм. Хааяа техникийн бага сага саатал гарч байгаа хэдий ч гишүүд хурууны хээгээрээ ирцэд орж, саналаа өгдөг болсноор хуралдааны ирц сайжирч, хурал цагтаа эхэлдэг болоод байгаа нь чухал ахиц дэвшил яах аргагүй мөн. Энэ хэрээр батлагдаж гарах хууль тогтоомжийн чанарт ч сайнаар нөлөөлж буй нь лавтай. Ямартай ч өмнөх шиг ирц бүрдэхгүйгээс хуралдаан хойшлох, хуралдаанд ирээгүй гишүүний картыг хийж ирц бүрдүүлдэг, гишүүд нэгнийхээ өмнөөс кноп дарж “төгөлдөр хуурддаг” явдал арилаад байгаа билээ.

Олон жил, олон парламент дамнан яригдаж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг “зайлшгүй шийдвэрлэх асуудал” гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар спикерийн албан тушаалд сонгогдсон өдрөөсөө эхэлж ярьж байгаа. Тиймээс энэ удаагийн хаврын чуулганы гол хүлээлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал юм. Үндсэн хуулийн өөрчлөлт нь Монголын улс төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлэх учиртайг олон нийт ойлгон дэмжиж байгаа. УИХ-ын дарга ч “Улсын Их Хурлыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг хариуцлагатай тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус хариуцлагатай болгох зорилготой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ” гэдгийг онцолж байгаа.

Бас Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн өөрчлөх шаардлагатайг Г.Занданшатар дарга удаа дараа онцолж байсан. Энэ үндсэн дээр дэгийн хуулийг боловсронгуй болгох үүрэгтэй ажлын хэсгийг байгуулаад байгаа аж. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг өөрчилж шинэчлэх асуудлыг шийдэхээр ажлын хэсгүүд гараад байгаа.

Хаврын чуулган эхлээд сар хүрээгүй байгаа ч парламентыг шинэчлэх, сахилга хариуцлагыг хэвшүүлэх, шударга ёс тогтоох чиглэлээр ажлын эхлэл тавигдаж, олон түмний сэтгэл ч нааштай, итгэл сэргэх хандлагатай байгааг МЭК-ийн судалгаа харуулж байна.