Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шатсан машиныг шалгуулахаар Тесла мэргэжилтнүүдээ Хятад руу илгээжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Хятадын сошиал сүлжээнд Теслагийн Model S загварын автомашин зогсоол дээр байхдаа галд автаж, шатахыг харуулсан видео дүрс тарсан байна.

Зогсоолд байхдаа шатсан цахилгаан хөдөлгүүрт машин хоёр хажуудаа байсан машинуудыг мөн шатаажээ.

Шанхай хотод болсон гэх энэ ослыг шалгуулахаар мэргэжилтнүүдээ Хятад руу илгээж байгааг Тесла компани өчигдөр мэдээлсэн байна.

Одоогоор галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байгаа ажээ. Үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт автомашинд нь гал гарах магадлал бензин хөдөлгүүртэй машиныхаас 10 дахин бага гэж Тесла сурталчилдаг. Өнөөдрийг хүртэл зарагдсан Теслагийн 500,000 гаруй автомашин, тэдний туулсан нийт 10 тэрбум милийн (16 тэрбум км) түүх дээр үндэслэн ийм статистик гаргажээ.

Тесла компани өөрийн бүтээгдэхүүнийг одоогоор Хятадын зах зээлд АНУ-аас нийлүүлдэг. Тус компани Шанхай хотын орчимд шинэ үйлдвэр байгуулахаар өнгөрсөн онд шав тавиад байгаа. Уг үйлдвэр ашиглалтад орох үед дундаж үнэтэй цахилгаан хөдөлгүүрт машинаар Хятадын зах зээлийг хангах юм.

Шанхайн үйлдвэр нь Теслагийн анхны гадаад улс оронд байгуулсан үйлдвэр болно.

Эх сурвалж: The Guardian