Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ хүний нүүрийг өөрчилдөг AI технологийг хуулиар хориглож магадгүй байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын хууль тогтоох байгууллага өнгөрсөн амралтын өдрүүдээр видеон дээр хүмүүсийн нүүрийг өөр хүний нүүрээр сольж, эвлүүлэх чадвартай хиймэл оюуны технологийг дагах эрсдэлүүдийг хөндөн ярилцжээ. 

Хятадын Ардын их хурлын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж буй тус шинэ хуулийн төсөлд энэ төрлийн технологи нь хувь хүний өөрөө өөрийгөө төлөөлөх эрхэд халдсан хэрэг хэмээн тусгагдаад байгаа аж.

Тийм ч учраас ийм төрлийн хиймэл оюунт технологийг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн Бямба гарагт хоёр дах удаагаа хэлэлцэгдээд байгаа юм.

Хятадын Ардын их хурлын Хууль зүйн хорооны ахлах хуульч Чен Чунао тус хуулийн төслийн танилцуулахдаа "Бид энэхүү хязгаарлалтыг хийж өгснөөр AI технологийг зүй бусаар ашиглах, хүмүүсийн нүүр царай, өөрөө өөрийгөө төлөөлөх эрхэд халдахаас гадна улс эх орны ч мөн эрх ашиг, сонирхолд хохирол учруулж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү хориглохыг санал болгож байна" хэмээжээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард энэхүү хиймэл оюунт технологийн тусламжтайгаар БНХАУ-ын алдарт Атина Чу хэмээх жүжигчний нүүр царайг өөр нэгэн жүжигчний нүүр царайгаар сольж, телевизийн бүтээлд гаргасан нь олон хүний анхаарлыг татаад байсан юм.

Хятадын хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл Дээд шатны хууль тогтоох байгууллагад хүргэгдэж, санал хураахаас өмнө ихэнхдээ гурван удаа хэлэлцэгдэж, хянагддаг байна.

 

 

Эх сурвалж: StraitsTimes