Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Капитал банкийг дампууруулсан буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох нь шударга ёс"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын ардчилсан холбооны залуучууд “Капитал” банкны асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Энэ талаар Монголын ардчилсан холбооны залуучуудын зөвлөлийн төлөөлөл Д.Баянмөнх "Капитал банкны актив, төлбөр гүйцэтгэх чадвар муу, холбогдох журмын дагуу заалтыг хангаагүйг мэдсэн атлаа төрийн сангуудын тэрбумаар тооцогдох хөрөнгийг санаатайгаар байршуулсан үйлдэлд нэр холбогдсон Ардчилсан намын удирдлага байр сууриа илэрхийлэхгүй байгаад харамсаж байна.

МАН эрх барьж байх хугацаанд дөрөв дэх банк нь дампуурлаа. Энэ үйл явдалд Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ яагаад биелүүлэхгүй байгаа юм. Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа тул Монголын ардчилсан холбооны залуучууд ачааг нь нуруундаа үүрч ажиллана. 

Мөн Капитал банк дампуурсанд Монголбанк буруутай тул удирдлагууд нь огцрох хэрэгтэй. Учир нь Монголбанк хуулиар заагдсан хяналтаа тавиагүй, эрүүлжүүлэх арга хэмжээ яаралтай авч ажиллаагүй. МАНАН бүлэглэл сонгуулийн мөнгөө уг банкны харилцагчдын хөрөнгөөр босгосноос үүдсэн.

Дээрээс нь төрийн 340 тэрбум төгрөгийг ард иргэдийн нуруун дээр өр болгон нэмж, 256,000 иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хохироосон ноцтой хэрэг юм. Бид төрийн өндөр албан тушаал хашиж буй санаатайгаар дээрэм хийдэг нөхөдтэй нам үл харгалзан тэмцлээ илэрхийлнэ. Мөн Монголбанкны удирдлагуудыг огцруулж, Капитал банкийг дампууруулсан буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ гэдгийг мэдэгдэж байна.

Цаашид Монголын ардчилсан холбооны залуучууд нийгэмд болж буй буруу зүйлтэй хатуу тэмцэнэ" гэдгээ хэллээ.