Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Иранаас газрын тос импортлохыг АНУ бүрэн хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Ираны эсрэг эдийн засгийн хориг зарлахдаа АНУ-ын эрх баригчид цөөн хэдэн улсад онцгой эрх олгож, хоригийн гадна түр хугацаагаар үлдээгээд байв. Тодруулбал Хятад, Энэтхэг, Турк, Япон, Өмнөд Солонгос улсууд Иранаас газрын тос худалдаж авах онцгой эрхтэй үлдэж байжээ.

Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Вашингтон эдгээр улсуудад мөн Иранаас газрын тос импортлохыг нь хориглож байгаагаа зарлалаа. “Өнөөдөр бид онцгой эрх цаашид үйлчлэхгүй болж байгааг зарлаж байна. Бид газрын тосны худалдааг тэг болгож, Ирантай худалдаа хийсэн дэлхийн аль ч орны эсрэг эдийн засгийн хориг тавих болно” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

Бүрэн хориг тавдугаар сарын 3-наас мөрдөгдөж эхлэх бололтой. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны тавдугаар сард Ирантай байгуулсан 2015 оны цөмийн хэлэлцээрээс гарч байгаагаа зарлаж, тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьж эхэлсэн юм.

Эдийн засгийн хориг нь Иран улсыг “хэвийн, ном журмыг хүндэтгэдэг улс орон” болгоход чиглэж байгаа гэдэг. Вашингтоны зүгээс Иранд хандаж 12 нөхцлийг биелүүлбэл хоригоо цуцална гэж амласан юм. Үүнд уран баяжуулах ажиллагаагаа зогсоох, Хезболлах, Хамас, Исламын Жихад зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжихээ болих, Йемений босогчдыг санхүүжүүлэхээ зогсоох, Сириэс цэргээ гаргах зэрэг шаардлага байжээ.

Онцгой эрхээ цуцлуулж байгаа орнуудаас Хятад улс АНУ-ын шахалтыг үл тоон Иранаас газрын тос авсан хэвээр байх чадвартай гэж ажиглагчид дүгнэж байна. Мөн Вашингтонтой таагүй харилцаатай байгаа Туркын эрх баригчид үгэнд нь орохгүй байх магадлалтай.

АНУ-ын ойрын холбоотон Япон, Өмнөд Солонгос улсууд шаардлагыг биелүүлэх нь тодорхой. Харин Энэтхэг улс одоо өрнөж байгаа сонгуулийн үр дүнгээс хамаарч шийдвэрээ гаргаж магадгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian