Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Цэнд-Аюуш: Надаас "Москвад мориор ирсэн үү" гэж асуусан

Д.Эрдэнэцэцэг, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг

Гадаад орнуудын Засгийн газрын бүрэн тэтгэлгээр Монголоос жил бүр 1,400 гаруй хүн гадагшаа суралцахаар явдаг билээ. Тэгвэл эдгээр оюутнуудын төлөөлөл болох Москвагийн Хэл шинжлэлийн их сургуулийн оюутан Г.Цэнд-Аюушийг “Залуус” буландаа урьж, онлайнаар ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцдаг юм.

-Өдрийн мэнд. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Ганбаатарын Цэнд-Аюуш гэдэг. 2012 онд Улсын тэргүүний 58 дугаар сургуулийг төгсөөд Монгол Улсын их сургуульд элсэн орсон. Хэл шинжлэлч мэргэжилтэй. Төгссөнийхөө дараа сэтгүүлчээр жил гаруй ажиллаж байгаад одоо ОХУ-ын Москва хотод мэргэжлийнхээ дагуу суралцаж байна.

-Мэргэжил дээшлүүлэх орноор яагаад ОХУ-ыг сонгох болов. Энэ чиглэлээр бусад орныг судалж үзсэн үү?

-ОХУ-ын хэл шинжлэл дэлхийд дээгүүрт ордог. Дээр нь би 10 жилийн сургуульд сурч байх үеэсээ л Оросыг их сонирхдог байлаа. Бусад орны тухайд одоо ч судалсаар байна. Дараа дараагийн төлөвлөгөөнд бий.

-Одоо суралцаж байгаа Москвагийн Хэл шинжлэлийн их сургуулийн талаар илүү дэлгэрүүлж яриач?

-Москвагийн Хэл шинжлэлийн их сургууль нь францийн улс төрч Мориса Торезын нэрэмжит Москвагийн гадаад хэлний институт байсан юм билээ. Хүмүүс ИнЯз гэж ярьдаг. 1990 оноос хойш нэр нь өөрчлөгдөөд Москвагийн Хэл шинжлэлийн их сургууль гэдэг болсон. Англи, Герман, Франц, Испани, Япон, Солонгос, Хятад, Араб, Перс гээд нийтдээ 40 орчим орны хэл заадаг.

Хэлний сургууль болохоор гадаад хэлний сургалт, программаа ихээхэн чухалчилж үзнэ. Мөн хэлний факультетуудаас гадна "хууль зүй", "сэтгүүлзүй", олон улсын харилцаа, Улс төр зэрэг чиглэлийн институт, факультетуудтай. Миний хувьд Монголд зарласан Оросын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгалт өгч тэнцээд энэ сургуульд сурах урилга авч, Хэрэглээний хэл шинжлэл, туршилт авиазүйн чиглэлээр магистрт сурч байна.

-Хэрэглээний хэл шинжлэл, туршилт авиазүй гэхээр ихээхэн сонирхол татаад байгаа юм. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон юм?

-Монголд 1990-ээд оноос хойш туршилт авиазүйн чиглэлийн судалгаа хийх явдал бараг зогсоод байсан. Харин сүүлийн үед сэргэж, нэлээн идэвхтэй судалгаа хийж эхлээд байгаа. Иймд шинэлэг, залуу хүн хүч, мэргэжилтний нөөц нэлээд шаардлагатай, нөгөө талаас техник технологийн эрин зуунд амьдарч байгаа бидний хувьд гүнзгий судалж, хөгжүүлэхгүй бол болохгүй салбаруудын нэг гэж хэлж болно.

Би Монгол Улсын их сургуульд анх оюутан болж, суралцаж байх хугацаандаа энэ салбарын талаар бага сага сонсож, сонирхож байсан л даа. Харин сүүлд төгсөөд сэтгүүлч мэргэжлээр ажиллаж байх хугацаандаа энэ талаар илүү сонирхож, энэ чиглэлээр судалгаа хийдэг олон эрдэмтэн багш нартай ярилцаж, Монголд хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлд хийгдэж байгаа янз бүрийн судалгааны ажлууд, тэдгээрийг бодит амьдралд хэрхэн хэрэглэх боломж бийтэй танилцаж байсан.

Тухайн үед МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн багш, Машин оюуны лабораторийн хэл боловсруулалтын багийн ахлагч, дэд профессор Ч.Алтангэрэл багштай тус багийнхны хөгжүүлж байгаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэлгэц уншигч программынх нь талаар ярилцаад нийгэмд хэрэгтэй энэ чиглэлээр сурч, судалгаа хийж, энэ салбарыг хөгжүүлэхэд бага ч болов хувь нэмрээ оруулах хүсэл төрсөн.

Одоогоор дөнгөж сурч эхэлж байгаа болохоор мэдэхгүй чадахгүй зүйл олон байдаг ч өөрийгөө бүх талаар нь хөгжүүлэх гээд хичээж байгаа.

-Оролдлого сайт оройд нь гарна гэдэг шүү дээ. Ингэхэд түрүүн чи хэлж байсан. Монгол оюутнууд маш амжилттай суралцаж байгаа гэж. Москвагийн Хэл шинжлэлийн их сургуульд хэчнээн монгол оюутан сурч байна. Бүгд хэлний чиглэлээр сурдаг уу, эсвэл?

-Энэ жилийн тухайд манай сургуульд хэл шинжлэл, олон улсын харилцааны чиглэлээр есөн монгол оюутан суралцаж байна. Бусад сургуулиудыг бодвол манай сургууль дахь монгол оюутны тоо харьцангуй бага л даа. Энэ нь мэдээж мэргэжил сонголтоосоо шалтгаалж буй хэрэг.

-Харин гадны оюутнуудын тухайд?

-Гадаад оюутнууд олон бий. Ихэвчлэн Хятад, Вьетнам, Солонгос, Япон, Куба, Герман, Франц, Испани, Итали болоод хуучин ОХУ-ын республик байсан улсуудаас оюутнууд ирж дээр хэлсэн хэл шинжлэл, олон улсын харилцаа, хууль зүй, сэтгүүлзүй, улс төр гээд өөрсдийн сонирхсон чиглэлийн дагуу сурахын хажуугаар 40-өөд хэлнээс сонгож судалж байна.

-40 орны хэлнээс оюутнууд аль хэлийг түлхүү сонгож байх юм?

-Ихэнхдээ франц, испани, герман, итали хэлийг сонгон судлах сонирхолтой байдаг.

-Орчинд нь ороод том зургаар нь ажиглахад орос оюутнуудын боловсролын чиг хандлага хаашаа байна. Түлхүү аль чиглэлд суралцах хүсэл, эрмэлзэлтэй байх юм?

-Орос оюутнууд ихэвчлэн инженерчлэл, зохион бүтээх, мэдээлэл технологи, нефть газрын тосны үйлдвэрлэл, нано технологийг илүү сонирхож байна. Харин хувь хүнийх нь хөгжлийн хувьд харахад мэдээж зорилготой, зорьсондоо хүрэх чин хүсэлтэй залуус олон байна. Нөгөө талаас зүгээр л дуртай зүйлээ хийгээд, амраад, аялаад, хорвоогийн сонин хачин зүйлийг сонирхоод л явж байвал болно шүү дээ гэсэн хандлага ч бий.

-Танай сургуулийн сургалтын орчин, нөхцөл хэр вэ. Оюутнууд сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан суралцаж чаддаг уу?

-Орчин нөхцөлийн хувьд манай улсаас ялгарах зүйл бараг байхгүй гэж хэлнэ. Хичээллэж байгаа анги танхим, хичээлийн хэрэглэгдэхүүн гээд л бүгд бараг адилхан. Зарим талаараа Монголын их, дээд сургуулиуд илүү орчин үеийн. Харин эрдэм шинжилгээний, янз бүрийн туршилт судалгааны ажил хийхэд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, хэрэгслүүдийг ашиглаж байна.

Жишээлбэл, манай сургуулийн Хэрэглээний хэл шинжлэл, туршилт авиа зүйн институтэд, ганц манай сургууль гэлтгүй бүх сургуулийн энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийдэг факультет бүр өөрийн гэсэн туршилт авиазүйн судалгаанд зориулсан орчин үеийн лабораторитой. Үүгээрээ давуу.

-Олон орны залуустай нэг танхимд орж суралцахад чи үеийнхнээсээ юугаараа давуу бас сул байх шиг санагдаж байна?

-Монголчууд ийм, америкууд тийм, хятад хүмүүс харин ийм гэж дүгнэхээс илүү хүн бүр өөр, өөр шүү гэж бодох болсон. Хэчнээн америк, хятадууд өнөөдөр дэлхийн ихэнх салбарт тэргүүлж байгаа ч уулын мод урттай богинотой гэдэг шүү дээ. Хэрэв нийтлэг давуу талыг нь хэлээч гэвэл монгол хүний оюуны чадамж, дасан зохицох чадвар гэж хэлнэ. Хэн хүнгүй ер нь “монголчууд оюуны чадамж өндөртэй” гэж ярьдаг шүү дээ.

Өмнө нь энэ үгийг зүгээр л сонсоод өнгөрдөг байсан бол энд ирээд олон орны залуустай харилцаж, хамт суралцаж эхлээд үнэн болохыг нь мэдэрлээ. Энгийн жишээ, багш асуудлыг хэд, хэдэн удаа тайлбарлаад ч бусад оюутнууд ойлгохгүй байгаа хичээлийг бид ганц тайлбарлуулаад ухаад мэдчихсэн л байдаг. Харин дасан зохицох чадвар гэдгийг би монголчууд хаана ч байсан байгаа орчноо их хайрладаг гэдэг утгаар хэлж байгаа юм.

Ажиглаад байхад монголчуудын нүүдэлчин соёл иргэншлээс үүдэлтэй зан характер ч гэж хэлмээр юм уу, эх орондоо гэлтгүй, гадаад дотоод хаана ч байсан цэгцтэй, тухайн орчноо хүндлээд, хайрлаад суухыг боддог юм байна гэж санагдсан.

Сул тал гэвэл хэлний мэдлэг дутмаг байдал. Бид сэтгэн бодох, хийж бүтээх, ажиллах чадвараараа хэнийг ч дагуулахгүй юм байна. Тийм боловч дэлхийн хэмжээнд очих боломжийг хазаарлаж байгаа зүйл нь хэлний мэдлэг, гадаад хэл дээр харилцах чадвар байна. Жишээ нь, Москвагийн ерөнхий боловсролын сургуулиуд англи хэлнээс гадна франц, испани, итали хэл заадаг юм байна.

Хүүхдүүд сонирхсон хэлээ судалдаг, ярихгүй юмаа гэхэд анхан шатны мэдэгдэхүүнтэй болоод төгсөж байх жишээтэй. Их сургуулийн бакалаврын түвшинд тэр хэлээ улам гүнзгийрүүлээд дөрвөн жилийн турш үзнэ. Тийм болохоор эндэхийн залуусын хэлний мэдлэг өндөр гэж харагдсан.

Харин монгол залуучууд маань гадагшаа явж сурах сонирхолдоо хөтлөгдөж янз бүрийн ном хэвлэл сонирхон унших зорилгоор хэл сурч байх шиг. Өөрөөр хэлбэл, Монголын боловсролын системийн хөтөлбөрт баригдалгүй англи болон бусад гадаад хэлийг шаргуу үздэг болж байгаад баяртай байгаа.

-Чиний тухайд үндэсний өв соёл болсон монгол бичгээ сайн мэддэг, бичдэг нэгэн. Гадаад оюутнуудад монгол бичгээрээ бичиж үзүүлсэн биз дээ. Ер нь монгол хүн гэхээр хэр хүлээж авдаг вэ?

-Монгол бичгээрээ бичиж үзүүлсэн. Бичиж болохоор хичээлүүдээ ч гэсэн монгол бичгээр бичихийг илүүд үздэг. Гадны оюутнууд монгол бичгийг их сонирхож, гайхаж хүлээж авдаг бас их гоё чамин хэлбэртэй юмаа гэдэг. Ёстой сонирхолтой, үсгийнх нь хэлбэр дээрээс доош чиглэлд бичигддэг юм уу гээд л. Хамгийн их сонирхож, гайхаж байсан зүйл нь монгол бичгийн таталган хэлбэр. Монгол бичгээр таталж бичихээр шүдийг нь бичилгүй нуруу биччихдэг шүүдээ. Тэгж бичиж үзүүлэхээр яаж вэ, хэн үүнийг ойлгож унших юм бэ гээд л их гайхна.

Гадны оюутнууд монгол бичгийг их сонирхож, гайхаж хүлээж авдаг бас их гоё чамин хэлбэртэй юмаа гэдэг. 

Харин монгол хүн гэхээр Чингис хаан, морь л гэж сэтгэлд нь буудаг юм шиг байна лээ. “Морь унадаг уу, мах их иддэг үү” гээд л асууж гарна. Эндээс харахад, орчин цагийн монголчуудын талаар дэлхий дахинд мэдээлэл бага байдаг юм шиг. Нэг удаа бүр “Чи Москва руу мориор ирсэн үү” гэж асуусан хүнтэй ч таарсан. Магадгүй наргиж асуусан байж болох ч бид чинь хувьдаа тодорхой хэмжээний хөгжилд хүрчихсэн улс болохоор иймэрхүү асуултууд надад нэг их сайхан санагддаггүй.

Дэлхийн хаа нэгтээ болж байгаа процессыг шууд хүлээж авах боломжтой болсон эрин зуунд бид амьдарч байна, мэдээж Чингис хаан, морь, нүүдэлчин соёл иргэншил маань бидний хамгийн ихээр нандигнаж явах ёстой бахархал мөн ч гэлээ яагаад ганцхан үүгээр бидний өнөөдрийн өнгө төрх хязгаарлагдах ёстой гэж.

Тиймээс бид олон улсад ганц утааны асуудал гэлтгүй орчин үеийн хөгжил цэцэглэлт, залуусын өнөөдрийн эрч хүчтэй, өнгөлөг төрх байдал, мэдлэг чадвар гээд сайн сайхан зүйлийнхээ талаар сурталчилж, таниулах хэрэгтэй юм байна гэдэг бодол төрдөг, мөн чадахаараа үзүүлж харуулах сан гэж хичээж явдаг юм.

-Орос, Монгол хоёр орон эртнээс найрамдалт харилцаатай гэдгээрээ бидэнд ойр санагддаг. Монголчууд ч оросуудыг мэднэ гэж их ярьдаг шүү дээ. Гэхдээ чиний харж, мэдэрч байгаагаар өнөөгийн орос орон яг ямар улс шиг санагдаж байна. Хүмүүс нь, боловсрол нь, соёл нь гээд...?

-Оросуудыг бид мэддэг, биднийг оросууд мэддэг байсан цаг ард хоцорсон юм болов уу. Энд аав ээж, өвөө эмээгийн минь үеийн хүмүүс Монголын тухай сайн мэддэг.
Монголд төрсөн, сурч байсан, ажиллаж байсан, очиж байсан, монгол хүмүүстэй найзалдаг гэх хүмүүстэй олон ч таарсан. Харин бидний болон биднээс хойш үеийнхэн хоёр орны харилцааг нарийн мэдэхгүй байх шиг санагддаг.

Харин эндхийн хүүхэд залуус хүсэл тэмүүлэлтэйгээр барахгүй дэлхийн хэмжээний сайн боловсролын системтэй орчинд өсөж байна. Соёлын хувьд дэлхийн нийтийн даяарчлал гэдэг зүйл бусад оронд нөлөөлж байгаа шигээ энд ч бас нөлөөлж байгаа. Хүмүүс нь өөрсдийн уламжлалт соёлоо мартахгүйн тулд хүүхэд залуустаа таниулах, харуулж мэдүүлэх гэж бидэнтэй адил л хичээж байгаа харагддаг даа.

-Чи мэргэжил дээшлүүлээд төгсөөд ирлээ. Монгол дахь ажлын байрны талаарх бодлоо хуваалцаач?

-Төгсөөд очиход ажлын байр байлгүй яах вэ. Хэл шинжлэлч мэргэжлээр төгслөө гэдэг нь заавал энэ чиглэлийнхээ ажилд орох ёстой гэсэн үг биш л дээ. Их, дээд сургуулиудад монгол болон гадаад хэлний багшаар эсвэл монгол бичгийн багш, сэтгүүлч, судлаач, орчуулагч, архивчаар ч ажиллаж болно. Залуу судлаач бидний гол анхаарах хэрэгтэй зүйл нь дээрх ажлын байранд ажиллахын сацуу судалгаа шинжилгээнийхээ ажлыг орхилгүй дор бүрнээ үргэлжлүүлэн хийх л юм.

Сонирхож байгаа чиглэлээ ажлынхаа хажуугаар бага багаар гүнзгийрүүлэн уншиж судлаад, бичээд, үр дүн гаргаад явах л чухал.

Ер нь Монголд ажлын байр элбэг шүү дээ. Оюутнууд л их сургуулиа төгсөөд шууд л ямар нэг томоохон байгууллагад ажиллах гээд зүтгээд, ажиллах гэж зүтгэсэн байгууллага нь туршлагатай хүн эрээд байдгаас биш. Гэтэл аливаа зүйл багаас л эхэлдэг шүү дээ.

-Чөлөөт цаг хэр гарч, хэрхэн өнгөрүүлж байна?

-Өнгөрсөн жил хэлний бэлтгэлд сурч байхад чөлөөт цаг ихтэй байж. Тэр үед хэлээ үзэхийн хажуугаар Москвагаар их зугаалж, сонирхолтой, түүхийн дурсгалтай олон газраар явж үзсэн. Мөн сургуульд маань олон улсын оюутнуудын дунд зохион байгуулагддаг зарим арга хэмжээнүүдэд оролцож, найз нөхөдтэй болж, бусадтай харилцаж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан. Энэ жилээс магистрын хичээл эхлээд мэргэжлийнхээ хичээлүүдийг үзэж байгаа болохоор чөлөө зав багатай л явна.

Цаг гарвал гадаад хэлээ сайжруулах тал дээр ажиллана. Хэл боловсруулалтын чиглэлийн мэдлэг чадвараа сайн гүнзгийрүүлж, яг халуун цэгт нь ажиллах хүсэлтэй болохоор чөлөө зав гарвал программчлалын хэл бага багаар үзнэ, компьютертэй ажиллах чадвараа улам хөгжүүлэхээр уншиж судалж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.