Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улсын хамгийн баян хүний дөрвөн хүүхдийн гурав нь Шри Ланкийн халдлагын үеэр амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Шри Ланка улсад гарсан цуврал дэлбэрэлтүүдийн улмаас амиа алдагсдын тоо 290, шархдагсдын тоо 500 хүрээд байна.

Улаан өндөгний баяраар загалмайн шашинтнуудыг чиглэсэн энэхүү халдлагын үеэр Дани улсын тэргүүн баян Андерс Холч Повлсены хүүхдүүд амь үрэгджээ.

Баярыг тохиолдуулан гэр бүлээрээ Шри Ланкад аялж байсан тэдний дөрвөн хүүхдийн гурав нь дэлбэрэлтэд өртөж амиа алдсаныг Повлсены эзэмшдэг Bestseller компанийн төлөөлөгч баталсан байна.

“Гурван хүүхэд нь амиа алдсаныг би баталж байна. Гэр бүлийнхнийг нь хүндлэх үүднээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэж Bestseller компанийн олон нийттэй харилцах албаны менежэр Иеспэр Стубкир мэдэгджээ.

46 настай Холч Повлсен нь Дани улсын хамгийн баян хүнд тооцогддог бөгөөд хөрөнгийн хэмжээг нь $7.9 тэрбум гэж Форбс сэтгүүл тооцоолсон байдаг.

Түүний мэдэлд хувцас үйлдвэрлэлийн Bestseller компани, Британий онлайн бэлэн хувцасны дэлгүүр Asos байдаг юм. Тэрээр 1975 онд байгуулагдсан Bestseller компанийг эцэг эхээсээ өвлөжээ.

Одоо энэ группын бүрэлдэхүүнд Vero Moda, Only, Jack & Jones брэндүүд байдаг бөгөөд дэлхийн 70 улсад 3,000 гаруй дэлгүүртэй.

Үүнээс гадна тэр Германы онлайн худалдааны Zalando компанид хувь эзэмшдэг. Повлсены гэр бүл Шотландад их хэмжээний газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна.

Өчигдөр Шри Ланкийн засгийн газар дэлбэрэлтүүдийг тус улсын NTJ (National Thowfeek Jamaath) исламын экстремист бүлэг үйлдсэн гэж зарлажээ.

Дэлбэрэлтүүдэд амиа алдагсдын ихэнх нь Шри Ланкийн иргэд, түүн дотроо шашны цөөнх болох загалмайтнууд байгаа юм. Тэднээс гадна дэлхийн 11 улсын 30 гаруй жуулчин хэлмэгдсэн гэгдэж байна. Одоогоор Британи, Энэтхэг, Испани, Австрали, АНУ, Хятад, Швейцар, Нидерланд, Япон, Португалийн засгийн газрууд өөрийн иргэдээ амь үрэгдсэнийг баталжээ.

 

Эх сурвалж: AFP