Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ТАВАН ЗҮЙЛ

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температурын зөрүү хэт огцом өөрчлөгдөж, гамшигт үзэгдлийн тоо давтамж, цар хүрээ нэмэгдэх болсон, нийслэл хотод газар хөдлөлтийн шинэ голомт илэрсэн зэрэгтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг энэ сарын 24-26-нд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага оролцох ёстой бөгөөд 25-ны өдөр олон нийтийг хамарсан сургуулилалт зохион байгуулагдах юм.

Энэ үеэр иргэн таны заавал мэдэж байх ёстой зүйлсийг хүргэж байна.

НЭГ. Улаанбаатарын замын хөдөлгөөн бүрэн хаагдана

Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07:00-09:30 цаг хүртэл Улаанбаатарын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй. Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна хэмээн үзэж байгаа юм.

Иймд тухайн өдрийн дээр заасан цагийн нислэгээр зорчих иргэд 07:00 цагаас өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байхыг "МИАТ" ТӨХК-аас анхааруулаад байна. "МИАТ" ТӨХК 25-ны Пүрэв гарагт Бээжин, Москва, Берлин, Сөүл, Бусан, Хонг Конг хотын чиглэлд нислэг үйлдэнэ.

Замын хөдөлгөөн хаасан үеэр түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд үүргээ гүйцэтгэнэ.

ХОЁР. Зарлан мэдээлэх дохиогоор аюулгүйн талбайд цуглана

Дөрөвдүгээр сарын 25-ны 08:00 цагт зарлан мэдээллийн дохио нийслэл даяар дуугарснаар эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглах ёстой.

Аюулгүй талбайн байршлыг ЭНД ДАРЖ харна уу.

ГУРАВ. Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа

Ажлын цаг замын хөдөлгөөн эхэлснээс хойш 30 минутын дараа буюу 10:00 цагт эхэлж, 19:00 цагт дуусна. Нийтийн тээвэр, сургуулийн автобус 09:30 цагаас эхлэл цэгээс хөдөлгөөнд оролцож эхлэх юм байна.

ДӨРӨВ. Гурван хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулагдах өдрүүд буюу энэ сарын 24, 25, 26-нд архи согтууруулах ундаа худалдан борлуулж, үйлчлэхийг хориглосон.

ТАВ. Орон сууцанд амьдардаг бүх айл сургуулилалтад оролцоно

Нийслэлийн орон сууцанд амьдардаг бүх айлд сургуулилалтад оролцох тухай "Таниулах хуудас" тарааж байгаа. Дадлага сургуулилалтын үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм. Тэрхүү тэмдэглэгээ хийлгэсэн хуудсаа байгууллагынхаа удирдлагад үзүүлснээр ажлын цагаа бүртгүүлэх ёстой.