Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Ойрхи Дорнодын бүс нутагт Монголоос мах экспортлох” уулзалтад Кувейтийн төлөөлөгчдийг ирүүлэхээ мэдэгдлээ

ikon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, Кувейт Улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Өнгөрсөн хугацаанд манай улсад Кувейтийн Засгийн газар 78 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 17.5 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна. 

Кувейтийн хөнгөлөлттэй зээлийг манай улс Дархан – Эрдэнэт – Булган – Уньт – Тариалангийн чиглэлийн 415 км урт авто замыг барих, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжийг Түлэнхий төвийн барилгыг барих, Монгол-Кувейтийн Судалгааны төвийг байгуулах болон бусад төслийг хэрэгжүүлэхэд  ашиглажээ.

Уулзалт хэлэлцээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Кувейтийн ГХЯ-ны Азийн асуудал хариуцсан Туслах сайд Али Сулайман Аль-Сайид нар тэргүүлэв.

Монгол, Кувейтийн найрсаг харилцаа хоёр улсын ард түмний хүсэл эрмэлзэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгуурыг даван өнөөгийн түвшинд хүрснийг нотлохын сацуу хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхжүүлэх, ялангуяа хоёр улсын хувийн хэвшлийнхний хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн чухлыг санал нэгтэй  тэмдэглэв.

Тухайлбал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоог ашиглахын төлөө байгаагаа хоёр тал илэрхийллээ.

Манай улс Ойрхи Дорнодын орнуудад мах экспортлох боломжийг судлан ажиллаж байгаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Ойрхи Дорнодын бүс нутагт Монголоос мах экспортлох” асуудлаарх бизнесийн уулзалтад Кувейтийн тал холбогдох төлөөлөгчдийг ирүүлэх талаар ажиллахаа мэдэгдлээ. Кувейт Улс нь махны хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг гаднаас импортолдог аж.

 

Аялал жуулчлалын тухайд манай улс нь Кувейтийн төдийгүй Булангийн орнуудын иргэд олноор ирж амрах дуртай орнуудын нэг бөгөөд Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг ойрын үед байгуулахаар тохиролцов.

Улмаар уул уурхай, дэд бүтэц, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхээр тогтлоо.

Талууд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулах асуудлыг хөндөхийн сацуу Монгол, Кувейтийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн аврин туршлагатай бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2020 онд тохионо.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам