Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Зарим ой хээрийн түймрийн эзэн хариуцагч илэрдэггүй, илэрсэн ч төлбөрийн чадваргүй"

ikon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд нийт 1,075 удаагийн ой, хээрийн түймэр гарч 0.2 сая га, 13.8 сая га хээр, нийт 14 сая га талбай түймэрт өртөж, байгаль экологи болон эд материалд 203.2 сая тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх мэдээлэлдээ дурджээ.

Тэрбээр 2019 оны 5 дугаар сарын 3-ны чуулганы хуралдаанд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явцын талаар мэдээлэл хийх ажээ.

Уг мэдээлэлд 2017 онд Ховд аймгийн Зэрэг, Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд гал түймэр унтраах аврах анги, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх аврах салбарыг байгуулсан.

2018 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт гал түймэр унтраах, аврах анги, Баян-Өлгийн Дэлүүн, Баянхонгор аймгийн Баянговь, Төв аймгийн Баян, Лүн сумдад эрэн хайх, аврах бүлэг байгуулах шийдвэр гаргаж, 2019 оны хоёрдугаар улиралд багтаан үйл ажиллагааг нь эхлүүлэх гэж байгааг мэдэгдсэн байна.

Зарим тохиолдолд хохирлыг шууд төлсөн ч экологийн хохирлыг төлөлгүй орхигдуулдаг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хил залгаа Төв аймгийн сумдаас орж ирж болзошгүй ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын дагуу ойн түймрийн зурвасыг байгуулсан. Нийслэлийн ногоон бүсийн ойд түймрээс хамгаалах шороон зурвасыг Сэлбийн эх, Шаргаморьт зэрэг газарт хийсэн бөгөөд Духын даваанаас Цохиот уул хүртэл 60м өргөн, 5,700м урт зурвасыг 2002 онд, 60м өргөн, 1,800м урт зурвасыг 2003 онд 60м өргөн, 700м урт зурвасыг 2004 онд сэргээсэн байна. Үүнээс хойш ойн түймрийн халз зурвасын арчилгаа хийгдээгүй. Энэ нь төсвийн хүрэлцээ муугаас болсон. 

Нийслэлийн хэмжээнд ойн сан бүхий газрын дагуух хилийн нийт урт 120 км байгаа боловч үүнээс өнөөдрийн байдлаар 10 орчим км-т ойн зурвасыг байгуулсан цаашид үлдсэн талбайд зурвас байгуулах шаардлагатай.

Гарч буй ой хээрийн түймрийн 90 гаруй хувь нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болон оч баригчгүй автомашинаар зорчих зэргээс шалтгаалдаг.

mpa.mn

Зарим ой хээрийн түймрийн эзэн хариуцагч илэрдэггүй, илэрсэн хэдий ч төлбөрийн чадваргүй, зарим тохиолдолд хохирлыг шууд төлсөн ч экологийн хохирлыг төлөлгүй орхигдуулдаг тохиолдлууд их гарч байна.

Цаашид түймэртэй тэмцэх өндөр бүтээмжтэй техник хэрэгслээр Онцгой байдлын албадыг хангах, нисдэг тэрэг ашиглах, ослын үед бэлэн байлгах, Ойн тухай хуулийн заалтуудыг хэвшил болгох, төсөв хөрөнгө, хүн хүч зэргийг нэмэгдүүлэхээр ажиллана.

МЭДЭЭЛЭЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс