Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хадгаламж эзэмшигчдийн 2.8 их наяд төгрөг зах зээлд эргэлдэхгүй гацаад байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Хадгаламж эзэмшигчдийн 2.8 их наяд төгрөг зах зээлд эргэлдэхгүй гацаад байна. Энэ бол хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ гэсэн үг(2019 оны эхний улирлын дүнгээр:ҮСХ)
 
Банкуудын олгосон нийт зээлийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 2018 оны эцэст 10.1% буюу 1.8 их наяд төгрөгт хүрсэн бол 2019 оны хоёрдугаар сарын байдлаар 10.7 хувьтай байна.

Үүн дээр хугацаа хэтэрсэн зээл болох 5.4 хувийг нэмж тооцвол нийт зээлийн 16 хувь нь муу зээл гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, 2.7 их наяд төгрөг зах зээлд эргэлдэхгүй гацаад байгаа талаар өнөөдөр болсон “Чанаргүй зээл, түүний эрх зүйн орчин” хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөв.   

График. Чанаргүй зээлийн хэмжээ 2016-2018 он

 
 
Чанаргүй зээлийг барагдуулахад одоогийн байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүх эцэслэн шийдвэрлэхээр байгаа. Харин шүүхийн шатыг дамжиж шийдвэр гаргуулж, шүүхийн шийдвэр биелтлээ дорж хаяж 1.5 цаашлаад 4-5 жил болох ч тохиолдол гарч байжээ. 
 
Монголын банкуудын холбооны хийсэн судалгаагаар ДНБ саарах, эдийн засаг агших буюу хүнд үед зээлийн тасалдал, чанаргүй зээл огцом нэмэгдэж байгаа ч эдийн засаг нааштай болоход өмнө нь үүссэн тэр чанаргүй зээлүүд эргэж төлөгдөхгүй, нэрлэсэн дүнгээрээ буурахгүй байгааг Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болд хэлсэн. Шалтгаан нь чанаргүй зээлийг бууруулах тогтолцоо, эрх зүйн орчин, институц бүрдээгүй хэмээн үзэж байна. Энэ маргааныг шүүх шийдвэрлэхэд дээд дурдсанчлан хугацаа их ордгоос гадна шүүхэд шилжсэнээс эхлээд зээлийн хүүг зогсоодог байна. Тиймээс эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд банк алдагдал хүлээнэ гэсэн үг. Түүнээс гадна шүүхэд очсон зээлийн талаарх бүх маргаан бүрэн шийдэгддэггүйг дараах тоо харуулж байна.
 

Өнгөрсөн онд л гэхэд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн 3,416 маргааныг шийдвэрлэсэн байна. Үүнээс 1,496 нь банктай холбоотой маргаан байсан бөгөөд 208 нь эцэслэн шийдэгдсэн талаар нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг дурдлаа. 

Нөгөө талаар, 2004-2014 онд банкны нийт зээлийн 90% барьцаагаар баталгаажсан ч муу зээлийн зөвхөн 35% нь эргэн төлөгджээ. Эндээс харахад банк ихээхэн хохирол амсахаас гадна чанаргүй зээл өсөхийн хэрээр зээл олголт буурч, санхүүгийн зогсонги байдалд орох эрсдэл үүсдэг. 
 
Тэгвэл зээлдэгч тал мөн хохирол амсаж буйг өмгөөллийн “Анта энд партнерс” компанийнхан анхааруулж байв. Тухайлбал, банкуудын хөрөнгө оруулалтын зээлийн хугацаа хэтэрхий богино бөгөөд нөхцөл хатуу байгаагаас ийм байдал үүсэж байгааг хэлэв. Тухайлбал, орон сууцны цогцолбор хороолол барихдаа 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл аваад 27 тэрбум төгрөг банканд төлсөн хэрнээ 10 тэрбум зээлийн үлдэгдэлтэй үлдэж буй тохиолдол байна. Мөн 99 хоногийн хүүг 199 хоног хэмээн алдаж тооцоолсон банкны алдаанаас болж 80 орчим мянган долларын зөрүү гарчээ. Үүнээс болж зээлээ төлөөд дууссан байх ёстой хугацаандаа тухайн зээлдэгч хүү, торгуулийн хүүтэйгээ нийлээд 1.5 тэрбум төгрөгийн хоосон өртэй болсныг тус компанийн төлөөлөл дурдав. Ийм зээлдэгчийн хүсэлтийг харгалзан үзэж, гэрээний нөхцөлд өөрчлөлд оруулдаг байх, илүү уян хатан ханддаг байх шаардлага банкуудын хувьд ч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурдсан юм. 
 
Банкууд ийнхүү шүүхийн олон шатны дамжлагыг дамнаж, хугацаа, хөрөнгө алдалгүйгээр шийддэг олон улсын туршлага нь Актив удирдлагын компани буюу маргааныг шийдвэрлэгч нь шүүх биш, бизнес эрхлэгч байх боломжтой аж. Монгол Улсад энэ зохицуулалт одоогоор байхгүй ч Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санаачлаад байна. Хэрэв эрх зүйн ийм зохицуулалттай болчихвол Актив удирдлагын компани банкуудын чанаргүй зээлийг худалдан авч барагдуулах ажлыг хариуцах бөгөөд иргэдийн банкан дах хадгаламж эрсдэлд орохгүй. Энэ нь цаашлаад эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөхийн зэрэгцээ санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөв, ил тод болгон, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болгох замаар баялгийг бүтээх, хөгжлийг бий болгох, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг мөнгө, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой хэмээн хууль санаачлагч үзэж байна.