Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Грек улс дайны нөхөн төлбөрт Германаас 300 тэрбум евро нэхэх гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас, Германы канцлерь Ангела Меркель нар

Өнгөрсөн долоо хоногт Грек улсын парламентын үнэмлэхүй олонх дэмжсэний үр дүнд одоо тус улсын засгийн газар Герман улсаас дайны төлбөрт их хэмжээний мөнгө төлөхийг дипломат шугамаар шаардах гэж байна.

Герман улс дэлхийн хоёрдугаар дайны үеийн өр төлбөрийн асуудал нэгмөсөн шийдэгдсэн гэж үздэг. Гэтэл Грекийн гадаад хэргийн дэд сайд Маркос Боларис “Энэ бол шийдлээ хүлээж байгаа нээлттэй асуудал” хэмээн Баасан гарагт хэвлэлд ярьжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистууд эсэргүүцэл үзүүлсэн Грекийн олон арван мянган эх орончдын амийг хөнөөж, олон тосгон сууринг газрын хөрснөөс арчсан гэдэг.

Дайны үед 300,000 орчим энгийн номхон грек хүн өлсгөлөнгийн улмаас амь үрэгдэж, Грекийн жүүд хүн ам бараг устсан байна. Энэ бүх хохирлоо тооцоолоод 300 тэрбум еврог Германы засгийн газраас дайны хохирлын нөхөн төлбөр болгож нэхэхээр шийдвэрлэжээ.

Хохирлын хэмжээг тодорхойлохдоо АНУ, Оросын архивын материалуудыг судалсан байна. Тухайн үед учруулсан эвдрэл сүйрлээс гадна Грекийн төв банкны алтны нөөцийг Нацистууд бүхэлд нь Умард Африк дахь дайны ажиллагаагаа санхүүжүүлэхэд зориулсан гэж дүгнэжээ.

Германы засгийн газар 1960 онд Афиний эрх баригчидтай тохиролцсоны үндсэн дээр 115 сая маркийн нөхөн төлбөр төлснөөр асуудал шийдэгдсэн гэж үздэг.

Гэвч Грекийн одоогийн эрх баригчид уг төлбөрийг хангалтгүй гэж үзэж байна. Дайны нөхөн төлбөрийн асуудал 2009 онд Грек улс өрийн хямралд орох үед цоо шинээр сөхөгдөж эхэлсэн юм.

Нэг хэсэг намжсан асуудал энэ оны сүүлээр Грект болох парламентын сонгуулийн өмнө дахин идэвхжиж байгаа нь энэ. Гэхдээ Грекийн засгийн газрын Германаас нэхэх гэж байгаа мөнгө тийм ч өндөрт тооцогдохгүй байна.

Польш улсын эрх баригчид дайны үед 6 сая иргэнээ алдсан хохиролд 800 сая еврогийн нөхөн төлбөр Германы засгийн газраас нэхэж эхлээд байгаа. Нацистуудын гарт амь үрэгдэгсдийн гурван сая нь Польшийн жүүд хүн ам байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian