Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлиас гадна жүүд ерөнхийлөгч, ерөнхий сайдтай цорын ганц улс Украин боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгчийн сонгуульд хошин урлагийн жүжигчин Володимир Зеленский ялсан нь тодорхой болсны дараа Израйлийн “Иерусалем Пост” сонинд ингэж мэдээлжээ.

Хэрвээ Зеленский ерөнхийлөгчийн тангараг өргөвөл үнэхээр Украин улс нь жүүд гаралтай ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай болох юм.

Одоогийн ерөнхий сайд Володимир Гроисман нь мөн жүүд гаралтай улс төрч. Тэрээр энэ оны сүүлээр болох парламентын сонгууль хүртэл ерөнхий сайдын суудалд суух нь тодорхой байгаа. Сонгуулийн үр дүнгээс хамаараад цаашид үргэлжлүүлэн ажиллаж ч магадгүй.

Зеленскийн ээж Рима нь жүүд хүн бөгөөд нэр дэвшигч өөрийн гарал угсааг огт нуудаггүй.

Тэрээр антисемитист үзэл сүүлийн жилүүдэд газар аваад байгаа Украины ерөнхийлөгч болсон нь анхаарал татаж байна. Одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко улс орондоо үндсэрхэг үзлийг хөхүүлэн дэмжих бодлого баримталж байсан.

Үр дүнд нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн Украины нацистуудыг өргөмжлөн алдашруулах үзэгдэл газар авч, зарим улс орнуудын санааг зовоож байв.

Өнгөрсөн онд Израйлийн засгийн газраас гаргадаг Антисемитизмийн талаарх жил тутмын тайланд Украиныг аюултай бүс нутаг хэмээн нэрлэж байжээ. Украинд “нацистын хамтрагчдыг алдаршуулах” хууль батлагдахад АНУ-ын конгрессийн 50 гаруй гишүүн харамслаа илэрхийлсэн захидал бичиж байсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацистын хамтрагчдыг Украины эрх чөлөөний төлөө тэмцэгчид гэж өргөмжилсөн хууль батлагдсаны дараа хэд хэдэн хотын гудамж, өргөн чөлөөний нэрийг тэдний удирдагч агсан Степан Бандерагийн нэрэмжит болгон өөрчилж байв. Степан Бандераг "зарим украин хүмүүсийн хувьд баатарт тооцогддог хүн" гэж Зеленский тодорхойлсон байдаг.

Өнгөрсөн онд Львов хотод дайны үеэр Эсэсийн бүрэлдэхүүнд байсан Украины Галицийн 14 дүгээр дивизийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болж, нацист дүрэмт хувцастай залуус гудамжинд жагсаж байлаа. 

Украины дарангуйлагч гэгдэж асан Виктор Януковичийн үед ийм зүйлийг төсөөлөхөд ч бэрх байсан юм.

Сая болж өнгөрсөн сонгуулийн үеэр ч антисемитист үзэл үнэртэж байв. Тухайлбал Порошенког дэмжигч зарим хүмүүс Зеленскийн гарал угсааны талаар ярьж, Украины ерөнхийлөгч болох хүн нь цэвэр украин цустай, загалмайн шашинтан байх ёстой гэсэн дуу хоолой сонсогдож байжээ.

Украинд одоо 300,000 орчим жүүд гаралтай хүн амьдардаг бөгөөд тэд хэдэн зууны турш гадуурхагдаж, хүчирхийллийн бай болж байсан гашуун түүхтэй.

Ийм антисемитист өв уламжлалтай Украин улсыг ирэх таван жилд удирдах хэцүү үүрэг улс төрийн хувьд “битүү морь” гэгддэг Володимир Зеленскийд оногдоод байна.

 

Эх сурвалж: Jerusalem Post