Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх хөлөгт туршилтын үеэр гэмтэл гарч, дэлбэрчээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт SpaceX компанийн сансрын хөлгийг Флоридагийн Канавералын хошуунд турших үеэр гэмтэл гарч, дэлбэрсэн байна.

Уг хөлгөөр АНУ-ын сансрын нисгэгчдийг энэ онд багтаан тойрог замд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Тус компанийн Crew Dragon хөлгийн хөдөлгүүрт хэд хэдэн янзын туршилтыг газар дээр зохион байгуулсан байна. Эхний туршилтууд амжилттай болсон ч сүүлчийн туршилтын үеэр тодорхойгүй шалтгаантай гажуудал үүссэн гэнэ.

Зарим эх сурвалжууд гэмтлийн улмаас дэлбэрэлт болж, их хэмжээний утаа гарсныг мэдээлж байна. Харин SpaceX болон NASA аль нь ч дэлбэрэлт болсон талаар ярилгүй, зөвхөн хөдөлгүүрийн ажиллагаанд алдаа гажуудал үүссэн гэж мэдээлжээ.

NASA-гийн захирал Жим Бриденстин “Бид алдааг илрүүлэх гэж л туршдаг. Алдаанаасаа суралцаж, шаардлагатай өөрчлөлтийг хийгээд цааш ажиллах болно” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Crew Dragon хөлөг өнгөрсөн сарын эхээр анх удаа тойрог замд нисгэгчгүйгээр хүрч, Олон Улсын Сансрын Станцад залгагдан тав хоноод буцаж ирсэн билээ.

Хэрвээ туршилтууд амжилттай болсон бол энэ онд багтаан Америкчууд анх удаа өөрсдийн хөлгөөр сансарт нисэх байв. АНУ 2011 оноос хойш төлбөр төлж, Оросын пуужингаар сансарт нисэж байгаа.

Тиймээс Америкчуудын өөрийн пуужингаар тойрог замд хүрэх хугацаа хойшилж магадгүй боллоо.

Онцгой үед ажиллах зориулалттай Crew Dragon хөлгийн найман ширхэг хөдөлгүүрийг турших үед осол болсон байна. Эдгээр хөдөлгүүрүүд нь тээгч пуужинд асуудал гарах үед хөлгийг пуужингаас салгаж, сансрын нисгэгчдийг даруй дэлхийд газардуулах зориулалттай юм.

Ням гарагт сошиал сүлжээнд Crew Dragon хөлөг туршилтын үеэр дэлбэрч байгааг харуулсан гэх дүрс бичлэг тарсан байна. SpaceX уг бичлэгийг бодитой эсэхийг батлаагүй юм.

Мөн Флоридагийн наран шарлагын газарт байсан хүмүүс туршилтын талбайгаас их хэмжээний утаа гарахыг харсан байна.

Эх сурвалж: AFP