Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сант сургуулийн сурагч С.Барсбаяр: Старт-ап компаниа эхлүүлэхээр болсон, одоо хөрөнгө оруулагчаа хайж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас С.Барсбаяр, Х.Дашням, З.Наранбаяр нар "Business idea" тэмцээний зохион байгуулагчдын хамтаар

ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд LETU Mongolia Америкийн Их Сургуулиас англи хэл дээрх “Business Idea” тэмцээнийг энэ сарын 13-нд зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд нийт 72 баг оролцсоноос "Сант" сургуулийн баг шилдэг бизнес санаагаараа нэгдүгээр байр эзэлж, багийн гишүүд нь тэтгэлэгтэйгээр АНУ-ын ЛеТорнью их сургуульд нэг жил суралцах эрхээр шагнуулжээ. 

Тэгвэл тус тэмцээнд ямар санаа гаргаж оролцсон талаар "Сант" сургуулийн багийн гишүүн 12 а ангийн сурагч З.Наранбаяр, 10 а ангийн С.Барсбаяр, 10 б ангийн Х.Дашням болон тус багийн ментор, "Сант" сургуулийн статистикийн багш Ж.Янжмаатай ярилцсанаа хүргэе.

"Сант" сургуулийн статистикийн багш, ментор Ж.Янжмаа:

Монголчууд энтрепренер үндэстэн болох бүрэн боломжтой
 
Сант сургуулийн статистикийн багш, ментор Ж.Янжмаа

- Таны хувьд бизнес санаагаараа уралдаж, түрүүлсэн багийн ментор хийхэд ямар байсан вэ?   

- ЕБС-ийн сурагчид анх удаа бизнес санаагаараа уралдлаа. Хэн хэнийх нь хувьд шинэлэг зүйл байсан. “Business Idea” тэмцээн нь англи хэл дээр явагдсан төдийгүй баг болж, ментор багштай зохион байгуулагдсанаараа илүү онцлог болсон. Хүүхдүүдийн хувьд бизнес хийх, төлөвлөгөө бичих, маркетинг дээр ажиллах зэрэг анх удаа хийж үзсэн зүйлс байсан тул бага зэргийн хүндрэл тулгарсан.

Гэхдээ санасныг бодоход хүүхдүүд үнэхээр сайн оролцсон. Амралтын хоёр долоо хоногийн хугацаандаа тэд маш их хичээсэн. Миний хувьд хажууд нь байж асуултад нь хариулт өгөөд явсан. Харин хүүхдүүд өөрсдөө санаагаа гаргаж, бизнес төлөвлөгөөгөө бичсэн. Цаашид ч гэсэн хүүхдүүд энэ санаагаараа  старт-ап компани эхлүүлээсэй хэмээн хүсэж байна.

- ЕБС-ийн сурагчдын хувьд бизнес санаагаар өрсөлдсөн тэмцээн гэхээр хүмүүст сонирхолтой санагдаж байгаа байх. Таны бодлоор энэ чиглэлийн тэмцээн яагаад хэрэгтэй гэж бодож байна?

- Энтрепренершип гэх ойлголт нас харгалзахгүй. Дэлхийд 14, 15 насны олон хүүхдүүд компани байгуулаад амжилттай ажилладаг. Учир нь тэдний сэтгэлгээ хайрцаглагдаагүй байдаг ба энэ насан дээрээ санаа гаргаж турших явдал нь амжилт олоход илүү үр дүнтэй байдаг юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэмд энтрепренер сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэх нь маш чухал болсон. Жишээ нь энэ тэмцээнд хүүхдүүдийн сэтгэлгээ, юманд хандах хандлага нь богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгааг харсан.

Хүүхдүүд аливаа зүйлийг заавал ийм байх ёстой гэсэн хайрцган дотроос өөрөөр сэтгэж, олон талаар нь асуулт асууж байсан нь гайхалтай байсан шүү. Тэр утгаараа энэ чиглэлээр илүү хөгжүүлбэл Монголчууд энтрепренер үндэстэн болох бүрэн боломжтой гэж бодож байна.

Нас хамаарахгүйгээр бизнесийн салбарт хүч үзэн, компани байгуулж болдгийг харуулах үлгэр дуурайлал нь бид байхыг хүсч байна
 
Зүүн гар талаас З.Наранбаяр, Х.Дашням, С.Барсбаяр

- “Business idea” тэмцээндээ анх хэрхэн оролцохоор болсон бэ?

- З.Наранбаяр: Уралдааны зарыг харчихаад бид гурав энэ удаа үзээд алдъя гэж шийдсэн. Учир нь миний хувьд төгсөх анги, нөгөө хоёрын хувьд доод анги тул туршлага олж авах зорилготой оролцсон. Тэмцээн хоёр үе шаттай явагдсан ба нийт 72 баг оролцсон. Эхний шатанд манай баг түрүүлж, хоёр дахь шатанд үлдсэн 21 багтай өрсөлдөж нэгдүгээр байранд орсондоо баяртай байна. Олон мундаг өрсөлдөгч нар байсан. Энэ тэмцээн бидний хувьд маш их зүйлийг ухааруулсан.

С.Барсбаяр: Багуудын сэтгэж олсон шинэ санаанууд үнэхээр сонирхолтой санагдсан.  Суралцах зүйл маш их байсан.

-Бизнес санаагаа хэрхэн гаргасан бэ?

-Х.Дашням: Санаагаа гаргахдаа бид гурав олон санаа дэвшүүлж, их ярилцсан. Бидний бизнес санаа математиктай холбогдсон "DASH 24" гэдэг картан тоглоом юм. Магадгүй бид утсан дээр апп хэлбэрт шилжүүлээд оролцож болох байсан ч одоо үед хүүхдүүдийн гар утасны хэрэглээ ихсэж, донтолт болж улмаар сурлагад нь сөргөөр нөлөөлж байна.

Математикийн хичээл үнэхээр сонирхолтой, гоё хичээл. Гэхдээ ихэнх хүүхдүүдийн хувьд сонирхолгүй, хэрэггүй хичээл мэтээр боддог. Бидний картан тоглоом математикийг илүү хөгжилтэй аргаар сурах боломжийг олгоно. Энэ тоглоом монголд байхгүй.

Тухайлбал, картан тоглоомонд дөрвөн тоо ашиглагдана. Тоог ашиглан нэмэх, хасах, үржих, хуваах үйлдлийг хийснээр  24 гэх тоог гаргадаг. Тоглоомыг хэнтэй ч хаана ч тоглох боломжтой.

 

С.Барсбаяр: Хүүхэд бүр шатарт дуртай байдаг шиг математикт дуртай болж, хурдан бодох, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг бий болгох нь бидний зорилго. Мөн бизнесийн оньлогдсон байны бол 4-5 дугаар ангийнхан юм. Үүгээр зогсохгүй нэмэх, хасах, үржих хуваах үйлдлээ мэддэг хүн бүр тоглох боломжтой.

З.Наранбаяр: Жишээ нь хүүхдүүдийн хувьд хүрд цээжлэх нь их хэцүү байдаг. Тэр үед эцэг эхчүүд нь сайн хэлж зөвлөхгүйгээс болоод хүчээр цээжилдэг. Ингэснээр тухайн хүүхэд математикт дурлах хүсэл нь багасдаг. Гэхдээ тоглоомыг тоглосноор өөрийн хүслээр математикаа хийдэг болох юм.

-Санаагаа олчихоод судалгаан дээрээ хэрхэн ажилласан бэ?

- С.Барсбаяр: Миний хувьд зах зээлийн судалгааг нь хийсэн. Интернетээс болон үндэсний статистикийн хороо зэрэг олон эх сурвалж ашигласан. Хамгийн гайхалтай нь судалгааг хийх явцдаа би олон зүйлийг сурсан нь уралдааныг илүү үнэ цэнэтэй болгосон.

З.Наранбаяр: Харин би маркетингийн зах зээлийн судалгаанд үндэслэж, эдийн засгийн судалгаагаа хийсэн. Бизнесийн ямар ч санаанд маркетинг, эдийн засгийн судалгаа заавал байх ёстой юм билээ. Бид судалгаагаараа эрсдэлээ тооцож, эхний гурван жилийн эрэлтээ тодорхойлсон. Нийслэлд одоогийн байдлаар 1-5 дугаар ангийн 132,000 хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдийн таван хувьд нь бүтээгдэхүүнээ борлуулахаар төлөвлөж байна.

 

- Бизнес төлөвлөгөө нь бүрэн гарч дууссан гэж ойлголоо. Тэгвэл цаашид бизнес санаагаа хэрхэн хэрэгжүүлэх бодолтой байна вэ. Хэрэглэгчдээ хэзээнээс хүрч эхлэх вэ?

- С.Барсбаяр: Бид бодит зүйлийг хийхийг л анхнаасаа зорьсон. Тэр утгаараа бодит тооцооллоо дахин нягталж гаргана. Картаа ч хэвлүүлж үзсэн. Старт-ап компаниа эхлүүлэхээр болсон, одоо хөрөнгө оруулагчаа хайж байна. Мөн бидний гэр бүл маш их дэмжлэг үзүүлж байгаад баярлаж байна.

Бидний бизнест хүндрэл бэрхшээл гарах нь ойлгомжтой тул гэр бүл найз нөхөд, сургууль, ангийнхан, багш нар гээд бүх бололцоогоо ашиглаж компаниа байгуулна. Бизнесийнхээ ашигтай байдлаас харвал Хятадад картаа үйлдвэрлүүлэхээр төлөвлөсөн. 

Мөн бидний эмээж буй зүйл нь хэрэглэгчид хүүхдүүдийн хийсэн зүйл гээд үл ойшоох вий, хөрөнгө оруулагчид олдохгүй байх вий гэх бодол. Гэхдээ бид бизнес хийх гэж байгаа учир эрсдэлтэй нүүр тулахад бэлэн.

З.Наранбаяр: Хэцүү гээд л хийж үзээгүй байж бууж өгч болохгүй.

Нас хамаарахгүйгээр бизнесийн салбарт хүч үзэн, компани байгуулж болдгийг харуулах үлгэр дуурайлал нь бид байхыг хүсч байна

- Та бүхний зүгээс тэмцээнд оролцоход хүндрэлтэй зүйл юу байсан бэ. Үеийнхэндээ хандан юу гэж эхлэх вэ?

- С.Барсбаяр: Бидний үеийнхэнд аливаа юмны талаарх олон талын мэдлэг их дутмаг байдаг юм билээ. Жишээ нь бизнес төлөвлөгөө гэж юу байдгийг ч мэдэхгүй их сургуульд үзнэ гээд зүгээр урдах хичээлээ хийгээд явдаг байсан. Өөрөө хичээж судалвал боломжгүй зүйл гэж байдаггүйг ойлгосон. Үеийнхэн болон дүү нартаа хэлэхэд дуртай, зөв гэсэн зүйлдээ өөрийгөө сорьж, туршлага хуримтлуулаарай. Монголчууд гуравхан сая хүн амтай хөгжиж буй улс. Тиймд бидний урд маш том боломжууд нээлттэй байгаа гэж хэлэх байна.

Х.Дашням: Интернетийг өөртөө хэрэгтэйгээр зөвөөр ашиглах ёстой санагдсан. Олдсон цагаа PC тоглоод өнгөрөөвөл үнэхээр харамсалтай хэрэг. Хичээлийн хажуугаар хэрвээ чөлөөт цаг гарвал өөртөө мэдлэг цуглуулах гэж хичээгээрэй гэж хэлмээр байна. 

Интернет бол тоглоомын тавцан биш, мэдээллийн тавцан. Манай багш хэлэхдээ "миний ухааныг та нар өөртөө ашигтайгаар хэрэглэ" гэдэг. Үүн шиг интернетийг өөртөө ашигтайгаар хэрэглэхийг хүсэж байна.

З.Наранбаяр: Хүүхэд бүр дотроо би үүнийг хийвэл яах бол гэсэн айдастай байдаг. Бас зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэхүйг хайрцаглачихдаг. Энэ хэвээр хайрцлагдмал байдлаасаа гарахгүй бол ямар ч их дээд сургуульд орсон гарч чадахгүй. Хайрцлагдмал, баригдмал сэтгэлгээгээр л улсаа авч явна гэсэн үг. Бидний тоглоом ч бас энэ зүйлийг арилгахын төлөө хийгдэх болно.

Дараагийн нэг хэлмээр байгаа зүйл нь англи хэл. Хэл сурах нь бидний хувьд маш том давуу тал. Монгол хэл дээр мэдээлэл хайхад хязгаарлагдмал байдаг ч англи хэл дээр хязгаар гэж бараг байхгүй. Хүүхдүүд хэл сурах хэцүү, эсвэл хувийн сургууль болохоор хэлэндээ сайн байх нь аргагүй гэх зэрэг буруу ойлголттой байдаг. Тухайн хүүхэд өөрөө хичээвэл сургууль нь улсынх, хувийнх байхаас үл шалтгаалан англи хэлийг сурч чадна. Хувийн сургуулиуд их хичээлтэй байдаг нь үнэн ч гэлээ хүүхэд өөрөө хичээвэл болно шүү дээ. Хэл сурах тусам амьдралд илүү олон хаалга нээгддэг гэдэгт би итгэдэг. 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.