Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Урьдчилсан дүнгээр Володимир Зеленский Украины ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт болж өнгөрсөн Украины ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатны санал хураалтын урьдчилсан дүн гарлаа.

Энэ удаагийн сонгуульд хошин урлагийн жүжигчин, 41 настай Володимир Зеленский 73 орчим хувийн саналаар ялжээ.

Улс төрийн туршлагагүй тэрээр Украины телевизийн “Ард түмний зарц” цуврал кинонд санамсаргүй улсын ерөнхийлөгч болсон жирийн багшийн дүрд тоглож алдаршсан юм.

Санал хураалтаас хоёр хоногийн өмнө болсон мэтгэлцээний үеэр Зеленский “Би бол улс төрч биш. Би бол тогтолцоог эвдэхийг зорьж буй жирийн иргэн” гэж өөрийгөө танилцуулсан байна.

Жүүд гаралтай Зеленский нь хуульч мэргэжил эзэмшсэн боловч сүүлд шоу бизнест амжилт олох болсон хүн юм. Анх тэр 2006 онд Украины “Ододтой бүжиглэхүй” шоунд оролцож олны танил болсон байна.

Санал хураалтын эхний дүн гарсны дараа Зеленский украинчуудад хандаж “Би та бүхнийг гонсойлгох зүйлийг хэзээ ч хийхгүй” гэж амлаад “Би одоогоор ерөнхийлөгч болчихоогүй байгаа ч Украины иргэний хувиар хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад хандаж ‘Биднийг харцгаа’ гэж хэлмээр байна. Боломжгүй зүйл гэж байхгүй!” хэмээн мэдэгджээ.

Зеленскийн сонголт нь Украины ард түмэн одоогийн улс төрчдөд итгэхгүй болсныг харуулж байна. Майданы хувьсгалын дараа одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко “Шинээр амьдарцгаая” уриатай сонгогдож байв. Гэтэл өнгөрсөн таван жилийн хугацаанд тэр цөөн олигархуудын бүлгийн хяналтад Украиныг оруулсан юм.

Үүн дээр нэмээд эдийн засгийн хямрал, авлигын өсөлт, дорнод бүс нутагт болж буй салан тусгаарлах дайн украинчуудыг өөр сонголт хийхэд хүргэж байна.

Урьдчилсан дүн гарсны дараа 25 орчим хувийн санал авсан Петро Порошенко “Сонгуулийн үр дүн биднийг тодорхойгүй байдалд хүргэж байна. Би ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгнө. Гэхдээ улс төрөөс гарахгүй гэдгээ баттай хэлмээр байна” гэж мэдэгджээ.

Украины ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 62.07 хувьтай гарсан байна.

 

Эх сурвалж: Quartz, BBC