2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
13°
16:00
S32
14°
17:00
S32
14°
18:00
S32
12°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өөрийн 13 хүүхдийг гэртээ хорьж, тамлан зовоож байсан Америк хосууд 25 жилийн хорих ял сонсжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 20
iKon.MN

Өөрийн 13 хүүхдийг гэртээ хорьж, тамлан зовоож байсан нэг гэр бүлийн хосууд болох Дэвид болон Луйз Турпин нарт тус бүр 25 жил шоронд хорих ял оноох шийдвэрийг Калифорни мужийн шүүх өчигдөр гаргажээ.

Тэдний үйлдсэн хэргийг 2018 оны нэгдүгээр сард анх цагдаа нар илрүүлж байв. Тухайн үед Турпиний гэр бүлийн 2-29 настай 13 хүүхэд Перрис хот дахь гэртээ гадаад ертөнцөөс тусгаарлагдан хоригдож байжээ.

Тэд хоол тэжээлийн дутагдалд орж, сэтгэцийн өөрчлөлттэй болоод байсан юм. Эцэг эх нь хүүхдүүдийг олон жил сараар хүлж, гавлаж, гинжлэн харанхуй өрөөнд хорьж, зодож занчдаг байсныг тогтоожээ.

Сургуульд явдагүй, эмнэлэгт үзүүлдэггүй хүүхдүүд нь амьдралын наад захын мэдлэггүй болоод байсан юм. Тэдний дотроос 17 настай охин нь хоёр жилийн турш төлөвлөж байгаад гэрээсээ оргож цагдаад мэдэгдсэнээр энэхүү аймшигт хэрэг илэрч байжээ.

Хэрвээ охин ийм зориг гаргаагүй бол түүний ах, дүү нар хэзээ ч энэ тамаас гарч чадахгүй байсан юм.

Хүүхдүүд одоо улсын асрамжинд шилжиж, боловсрол эзэмшин, эмчлүүлж байгаа.

 

Дэвид болон Луйз Турпин нар өчигдөр шүүхийн өмнө үг хэлэхдээ хүүхдүүдээсээ уучлал гуйж, ирээдүйд нь сайн сайхныг хүссэн байна.

“Хүүхдүүдээ зовоож байсны төлөө би уучлал гуйж байна. Би тэдэндээ төсөөлснөөс нь их хайртай юм шүү” гэж хэлсэн эх Луйз Турпин бурхан хүүхдүүдийг нь харж хамгаална гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Эцэг Дэвид нь мөн хүүхдүүдийг нь аварсан бурханд талархаж, тэдэнд зовлон шаналал учруулсандаа уучлал гуйсан байна.

Ялын шийдвэрийг уншиж сонсгохоосоо өмнө шүүгч Бернард Шварц хэрэгтнүүдэд хандаж үг хэлжээ.

Тэр “Хүүхдүүдийн зарим нь эрдэмтэн болж өвчин анагаах арга ухааныг нээх байсан байх. Эмч болж хүний амь аврах байсан байх. Магадгүй зарим нь цэрэгт явж, эх орноо хамгаалах байсан биз. Амиа бодсон, харгис, хүнлэг бус үйлдлээрээ та нар гэр бүлд тань, нийгэмд өгсөн үнэтэй бэлэг болох хүүхдүүдийнхээ амьдралыг сүйтгэсэн байна” гэж хэлсэн юм.

Шүүх хуралд оролцсон хүүхдүүд үзэж туулсан зовлонгоо хуваалцаж, зарим нь эцэг эхээ уучилж байгааг илэрхийлжээ.

 

Эх сурвалж: CNN

 

x