Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдыг дарамталж, бие махбодод гэмтэл учруулах нь шударга ёсны зарчимд хэр нийцэх вэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Хууль зөв мөрдөгдөж байвал тэр шударга. Хууль ямар хамаатай юм бэ гэж доороосоо эхлээд дээшээгээ хүртэл ярьдаггүй болгоход анхаарч ажиллаарай” хэмээн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд чуулганы танхимд УЕП-ын орлогчоор томилогдох гэж байсан хүмүүст хандан захисан юм. Нэг ёсондоо шударга, хариуцлагатай ажиллаарай л гэж захисан хэрэг. 

Тэгвэл эрхэм сайд энэхүү захиасаа өөрөө хэрхэн сахидаг юм бол. Бусдыг дарамталж, бие мах бодод гэмтэл учруулах нь шударга ёсны зарчимд хэр нийцэх вэ гэж Н.Энхболд сайдаас өөрөөс нь асуумаар. 

Бичигдээгүй хууль гэдэг шиг ам дамжин яригддаг ч баталж нотолж чаддаггүй зүйл бол цэргийн дэглэлт. Тиймээс ч Н.Энхболд сайд баталгаагаа гаргаад ир хэмээн ам бардам хэлсэн биз. 

Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байхдаа амиа алдсан 19 настай байлдагчийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт шилжүүлжээ. Хэдийгээр үхлийн шалтгаан, гадны нөлөөтэй нас барсан эсэхийг шүүх тогтоох боловч цэргүүд нэгнийгээ дэглэдэг, дарамталдаг гэдгийг энэ явдал ил болгосон.   

Гэвч эрхэм сайд энэ асуудлаар ганц ч үг ган хийсэнгүй. Магадгүй хуулийн байгууллагын эцсийн шийдийг харж байгаад байр сууриа илэрхийлэх байх гэж найдъя. 

Зөвхөн энэ асуудлаас гадна салбарын сайдтай холбоотой олны ундуйцлыг төрүүлсэн зүйлүүд ч бий. Тухайлбал, Н.Энхболдыг 2017 оны аравдугаар сард БХ-ын сайдаар томилогдсоны дараа түүний төрсөн эгчийн хүү С.Баяр-Очир ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн даргаар томилогдсон байна. Энэ талаар батлан хамгаалах салбарынхан Н.Энхболд сайдыг эрх мэдлээ ашиглан ЗХЖШ-ын даргад нөлөөлж зээ дүүгээ албан тушаалд томилуулсан хэмээн ярилцдаг юм билээ. 

Н.Энхболд сайдтай холбоотой энэ мэт асуудлуудаас гадна хэдхэн хоногийн дараа эхлэх цэрэг татлагын арга хэмжээ анхаарал татах сэдэв болох нь дамжиггүй. 

Тавдугаар сарын 3-5-ны хооронд орон даяар цэрэг татлага эхлэнэ. Хэчнээн хүнд зарлах дуудах хуудас хүргүүлснээс хэд нь цэрэг татлагын комисст бүртгүүлсэн гэдэг тоо, мэдээлэл улсын нууцад хамаардаг. Тиймээс цэрэгт татагдсан иргэдийн тоо өмнөх жилүүдийнхээс өссөн, буурсан гэдгийг мэдэх аргагүй юм.  

Гэхдээ дээр дурдсан хэрэг явдлаас үүдэн хүүхдээ цэрэгт явуулах эсэхэд эргэлзсэн эцэг эхчүүдийн сэтгэгдэл сошиалд хөвөрч эхэлсэн. Үнэхээр ч цэрэгт мордуулсан эрүүл саруул хүүгийнхээ шарилыг очиж авахыг хэн хүсэх билээ.  

Мөн цэрэг татлагын комиссын эрүүл мэндийн үзлэгт эргэлзэж буйгаа илэрхийсэн хүмүүс ч цөөнгүй бий. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллийн Байлдагч А-г дасгал сургуулилалт хийх үед зүрх нь ачаалал даагаагүй гэдэг дүгнэлтийг шүүх эмнэлгээс гаргасан гэх. Энэ удаагийн цэрэг татлагын талаар албаны хүнээс тодруулахад “Бид цэрэг татлагыг өмнөх жилүүдийнхтэй л адил зохион байгуулна” гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр эмчийн үзлэг ч мөн адил өмнөх жилүүдийнх шиг явагдах нь. 

Дэглэлт хэмээх ужгирсан зүйлийг уг үндсээр нь таслан зогсоох арга хэмжээ авахгүй л бол улам илүү нууц байдлаар оршсоор байх биз.

Магадгүй эмчийн үзлэгээр эрүүл хэмээн оношлогдсон залуус дасгал сургуулилалт нэртэй дэглэлтийн улмаас амь насаараа хохирох явдал дахин гарахгүй гэх баталгаа алга.

Төрийн сайд гэдэг зөвхөн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ, элдэв ойн баярт оролцож явдаг ажил биш. 

Тиймээс ч бичигдээгүй хууль мэт ойлгогдох болсон цэргийн дэглэлтийг болиулахын тулд хэдэн хүнийг албан тушаалаас нь чөлөөлөхөөс илүү дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй биз ээ.