Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Загалмайтны армийн дайчид олон угсаатнуудаас бүрдэж байсныг генетикийн судалгаа баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Иерусалемын ариун газар шороог Исламын шашинт Арабуудаас хамгаалахаар баруун Европоос хоёр зууны турш загалмайн шашинт цэрэг эрс Ойрх Дорнодыг зорьж байсан түүхтэй.

Тэдний дээд язгууртнууд Армени үндэстнүүдтэй улс төрийн эвсэл байгуулахын тулд бүсгүйчүүдтэй нь гэрлэж, ураг барилдаж байсан түүх бий. Харин энгийн цэрэг эрсийнх нь талаар баримт ховор байдаг юм.

Тэгвэл Их Британи, Ливан, Бельгийн хэсэг эрдэмтэд дундад зууны загалмайтны хүлэг баатруудын араг ясны үлдэгдэлд генетикийн шинжилгээ хийсэн үр дүнгээ “American Journal of Human Genetics” сэтгүүлд нийтлүүлжээ.

Ливан улсын Сидоны цайзад бөөнд нь оршуулсан 13 дугаар зууны үеийн цэргүүдийн ясыг судалгаандаа ашигласан байна. Энэ газар нутаг тухайн үед загалмайтнуудын байгуулсан Иерусалемын эзэнт улсын нэг хэсэг байжээ.

Эрдэмтэд тулаанд амь үрэгдсэн есөн дайчны ясанд шинжилгээ хийснээс гурав нь баруун Европын оршин суугчид байсан гэнэ. Харин дөрөв нь өнөөгийн Ливаны хүмүүстэй генетикийн хувьд тун төстэй байсан тул тэднийг нутгийн загалмайн шашинтнууд байсан гэж үзжээ.

 

Үлдсэн хоёр нь Европ болон Ойрх Дорнодын нутгийн хүмүүсийн холимог угсаатан болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Ойрх Дорнодод түрүүлж ирсэн загалмайтнууд болон нутгийн бүсгүйчүүдийн дундаас төрсөн хүмүүс байжээ.

Тэдний нэг нь өнөөгийн Ливан болон баруун Европын холимог гэр бүлээс гаралтай бол нөгөө нь Бедуйн, эсвэл Саудын хүн болон Испанийн Баск нутгаас гаралтай хүний дундаас төрсөн болохыг тогтоосон байна.

Дайчдыг амьдарч байсан цаг үеэс 100 орчим жилийн өмнө анхны загалмайтнууд Ойрх Дорнодод ирж байжээ.

Тиймээс тэдгээр эрлийз цусны дайчид нь Европ, Ойрх Дорнодын холимог гэр бүлийн хоёр, гурав дахь үеийнхэн байх магадлалтай гэнэ.

Энэ бүхнээс үзвэл баруун Европоос ирсэн загалмайтнууд армидаа нутгийн загалмайн шашинтнуудыг элсүүлдэг, мөн европчууд Ойрх Дорнодод нутгийн иргэдтэй холилдож, суурьшин амьдарч байсныг харуулж байна. Түүхчдийн дунд Европын загалмайтнууд нутгийн иргэдтэй төдийлөн холилдоогүй гэсэн уламжлалт ойлголт байсныг ийнхүү няцааж байгаа юм.

Судлаачид бас орчин үеийн Ливан хүмүүст Европчуудын генийн ул мөр байгаа эсэхийг судлаад олоогүй байна. Олон зууны турш олон үе дамжихдаа Европчуудын гени ууссан байх гэж тэд үүнийгээ тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian