Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Thrones”-ийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг Трампаас HBO шаардав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

HBO компани өөрийнх нь бүтээлийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас шаарджээ.

Өчигдөр Трамп өөрийнх нь 2016 оны сонгуулийн үйл ажиллагаа Оросын эрх баригчидтай холбоотой байсан үгүйг шалгасан прокурорын тусгай төлөөлөгч Роберт Маллерын тайлангийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Game of Thrones” цувралын зураг, фонтыг ашигласан юм.

Трамп HBO компанийн алдартай бүтээлийг анх удаа ингэж ашиглаагүй.

Тэр өнгөрсөн арваннэгдүгээр сард мөн энэ бүтээлийн зураг график, үг хэллэгийг ашиглаж Ираны эсрэг эдийн засгийн хориг зарлах гэж байгаагаа мэдэгдсэн юм.

Трамп тухайн үед “Winter is coming” хэмээх Старкын ордны алдарт уриаг “Sanctions are coming” болгон өөрчилж байжээ.

HBO компанийн төлөөлөгч “Цувралын сүүлчийн бүлэг эхэлж байгаа энэ цаг үед 'Game of Thrones' бүтээлийг үзэх дуртай хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгож байгаа ч манай оюуны өмчийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг бид шаардаж байна” гэж хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Bloomberg