Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхо иргэний харьяалал солих ажлыг эхлүүлснээ баталжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозуна цолтой Хакүхо М.Даваажаргал зодог тайлсны дараа дэвжээндээ үлдэхийн тулд Япон улсын харьяат иргэн болох ажлыг эхлүүлснээ Лхагва гарагт Токиод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

“Одоо шийдвэр гарахыг хүлээх л үлдсэн” гэж Хакүхо энэ үеэр ярьсан байна.

Уг нь тэрбээр иргэний харьяалалаа солилгүйгээр сүмогийн спортод гаргасан онцгой амжилтаараа дэвжээ эзэмшиж үлдэх хүсэлт гаргасан ч Японы сүмогийн холбоо заавал өөрийн улсын иргэний харьяалалтай болох нөхцөл тавьсан гэнэ.

“Сүмо бол Японы соёл. Сүмо бөхчүүд энэ соёлыг өвлөгчид юм. Тиймээс бөхчүүдийг дасгалжуулах дэвжээний эзэн гадаадын иргэн байх нь зохимжгүй” гэж Сүмогийн Холбооны албан хаагч тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд сүмогийн ертөнцөд гадаад бөхчүүд, ялангуяа монголчууд давамгайлах болсон тул зөвхөн амжилтаар нь үнэлж дэвжээний эзэн болговол гадаадын харьяат эздийн тоо хэт нэмэгдэнэ гэж Сүмогийн Холбоо болгоомжлох болсон гэнэ.

Одоогоор зодог тайлсныхаа дараа өөрийн нэртэй дэвжээ шинээр үүсгэх эрхтэй болсон гуравхан хүн байдаг нь Тайхо, Китаноуми, Таканохана нар юм байна.

Ийм онцгой эрх эдлэхэд ямар шаардлага тавигддаг нь тодорхой биш ч доод тал нь 20 удаа эзэн хааны цомыг өргөсөн байх нэг нөхцөл байдаг ажээ.

34 насандаа 42 цом хүртээд байгаа Хакүхогийн хувьд энэ бол хялбар хангах нөхцөл юм. Тиймээс тэр өөрийн нэртэй дэвжээ байгуулах бүрэн боломжтой.

Сүүлд бэртэл авсны дараа Хакүхо зодог тайлсныхаа дараа юу хийх талаар нухацтай бодож эхэлсэн гэлцэж байна. Мөн түүний аав Ж.Мөнхбат нас барахаасаа өмнө хүүдээ иргэний харьяалалд баригдалгүйгээр өөрийн хүссэн зам мөрийг хөөхийг зөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм.

 

Эх сурвалж: Asahi Shinbun