Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Зоригийг хөнөөсөн хэргийн гурван шатны шүүхийн бүх материалыг ил болгохыг шаардаж байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN

С.Зоригийг хөнөөсөн хэрэг явдалтай холбогдуулан Иргэний Зориг, Ногоон Намаас мэдэгдэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/648819178896794/

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг "С.Зориг агсны үйл хэргийг тээгч нам гэдгээ 2006 онд зарласан манай намын зүгээс энэ хэрэг дээр маш хүлээцтэй, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн.

Харин хоёр том намын хувьд байнга энэ хэргээр улс төр хийж, сонгуулийн өмнөх жил өөрсдөдөө оноо авах зорилготой үйлдэл хийсээр байна.

Бид өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн ч цаашид улс төрийн тэмцэл хийхээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Хэргийн үнэн мөнийг олохын тулд хэнээс ч айхгүйгээр хүчтэй тэмцлийг эхлүүлэх боллоо. Бид гурван шатны шүүхийн тэмдэглэлийг ил болгохыг шаардаж байна.

УИХ-ын гишүүд энэ асуудалд анхаарч Түр хороо байгуулагдаж байгаад баяртай байна. Хэрэг илэрсэн эсвэл илрээгүй байж болох нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс шүүхийн материалыг ил болгох хэрэгтэй байна. Өчигдөр УИХ-ын чуулган дээр зарим гишүүд шууд хууль хүчний байгууллагын эрх мэдэл рүү халдаж, хоригдож байгаа хүмүүсийг шууд суллах талаар ярьж байна. Тэгж болдохгүй байх. Бидний зүгээс хэргийн үнэн мөнийг олох л зорилготой байгаа.

Ард түмэн бүгдээрээ тэгш эрхтэй. Тэгтэл УИХ-ын гишүүд, сэтгүүлчид гээд хэсэг хүмүүст 20-оод минутын билэг үзүүлээд муур хулгана болж тоглоод байна. Тэр билчлэгнээс илүү шүүхээр хэлэлцэгдээд, хянагдаад явсан материалыг ил болгох нь хэргийн талаар үнэлэлт дүгнэлт хийхэд илүү үндэслэлтэй байна" хэмээв.

Дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агны төрсөн өдөр тохиодог бөгөөд уламжлал ёсоор ИЗНН-ынхан хөшөөнд нь цэцэг өргөх юм байна.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН МЭДЭГДЭЛ

/ШҮҮХИЙН БҮХ ШАТНЫ ХУРАЛДААНЫ МАТЕРИАЛЫГ ИЛ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА/

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот.

Монголын төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрцгий аллага гарснаас хойш 21 жил өнгөрсөн ч Зориг агсны хэлсэнчлэн Монгол хүний саруул ухаанд итгэсэн олны итгэл мохоход хүрч байна. Энэ хэргийг илрээсэй гэсэм түмэн олныхоо нэгэн адил Иргэний Зориг Ногоон Нам өнөөдрийг хүртэл хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцолгүй хүлээцтэй хандсаар ирсэн.

Уг хэрэгт хандаж байгаа МАНАН-гийнхны үйлдэл нь нэрт улстөрчийн амь насыг маш нарийн зохион байгуулалттай хөнөөсөн болохыг тэд өөрсдөө энэ хэргийг илрүүлэхийг огт хүсэхгүй байгаа гэж үзэхэд хүргэж байна.

Энэ хэргийг зарим нам, хууль хяналтын байгууллагынхан өрсөлдөгчөө нухчин дарах намнах хэрэгсэл болгон ашиглаж, хэргийн нотлох баримтуудыг устган, хэргийг мөрдөн шалгасан мөрдөгчдийн олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэн, цаашид хэргийн захиалагч, хамжигч, алуурчид ул мөрөө баллан хэрэг хэзээ ч илрэхгүй нөхцөл байдал үүсгэх вий гэдгээс маш их санаа зовж байна.

Үндэсний аюулгүй байдал төрийн нууц гэдэг халхавчин дор хэргийг тулган хүлээлгэх хэсэг бүлэг өөрсдийн явцуу ашиг сонирхлоор хэрэг зохион үүндээ хүмүүсийг хоморголон хэлмэгдүүлж хилсээр ял үүрүүлэх нөхцөл бүрдүүлэн, Үндсэн хуулийн тулгуур зарчмыг уландаа гишгих аюул нүүрлэжээ.

Иймд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүн тасалсан анхан, дунд хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг нийтэд ил болгохыг шаардаж, улс төрийн тэмцэл өрнүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна.

С.Зоригийн амь насанд халдсан хэргийн асуудлаар байгуулагдсан Улсын Их Хурлын Түр хороо энэ асуудалд ултай суурьтай хандан олон нийтийг зөв мэдээллээр ханган хамтран ажиллахыг уриалж байна.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ