Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зеленский Украины ерөнхийлөгчийн сонгуульд том ялалт байгуулж магадгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Украинд зохион байгуулсан сүүлийн санал асуулгаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Володимир Зеленский өрсөлдөгчөөсөө хол илүү түрүүлэх магадлалтай байгаа нь харагджээ.

Сонгуулийн сүүлчийн шатны санал хураалт энэ Ням гарагт болох юм. Зеленский нь “Ард түмний зарц” нэртэй телевизийн хошин цувралын санамсаргүй ерөнхийлөгч болсон багшийн дүрээр танигдсан нэгэн бөгөөд одоо бодит амьдрал дээр Украины ерөнхийлөгч болоход ойрхон байна.

Түүний өрсөлдөгч нь Украины одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко юм. Порошенко Украинд гарсан Майданы хувьсгалын дараа 2014 онд сонгогдож байв.

Энэ долоо хоногт зохион байгуулсан санал асуулгад Зеленский 72 хувийн дэмжлэг авсан бол Порошенко 25 хувьтай байжээ. Бусад санал асуулгуудын дүн ч үүнтэй ойролцоо байна.

Өнгөрсөн сарын сүүлээр болсон эхний шатны санал хураалтад Зеленский 30 хувийн санал авч, Порошенко 16 орчим хувьтай удаалж байжээ. Энэ шатанд нийт 39 хүн өрсөлдсөн юм.

Зеленский дараагийн ерөнхийлөгч болох магадлал өндөр байгааг олон улсын харилцааны хандлагууд ч харуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Украины гол доноруудын нэг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нийслэл Паристаа хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь хүлээн авч уулзсан юм.

Зеленскийн тамгийн газрын дарга Иван Баканов энэ долоо хоногт Вашингтоны засаг захиргааныхантай уулзахаар ниссэн байна.

Порошенко, Зеленский хоёр хоёул Өрнөдтэй ойр ажиллахаа амлаж байгаа ч Оростой харилцах харилцаан дээр өөр өөр байр суурьтай байгаа юм. Зеленский дорнод Украины мөргөлдөөнийг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхээ амлаж байна. Үүнийх нь төлөө Порошенко түүнийг Кремлийн утсан хүүхэлдэй мэтээр харуулахыг сонгуулийн турш хичээжээ.

 

Эх сурвалж: The Guardian