Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос тактикийн шинэ зэвсэг туршжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгос өчигдөр “тактикийн шинэ зэвсэг” туршсан тухай тус улсын төрийн төв хэвлэл мэдээлжээ.

АНУ-тай хийж буй цөмийн зэвсгийн яриа хэлэлцээр нь мухардалд орсонд сэтгэл ханамжгүй байгаагаа Пёньяны удирдагч ийнхүү илэрхийлж буй бололтой.

Лхагва гарагт Батлан Хамгаалахын Академид зочилсон Ким Жон Ун зэвсгийн туршилтыг ажигласан тухай Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг уламжилжээ.

“Ардын армийн байлдах хүч чадлыг нэмэгдүүлэхэд шинэ зэвсгийн хөгжүүлэлт жинтэй хувь нэмэр оруулж байгаа”-г Ким Жон Ун энэ үеэр сайшаан хэлсэн гэнэ.

Дээрх мэдээлэлд туршсан зэвсэг нь яг ямар төрлийнх байсан талаар огт дурдаагүй байна. “Тактикийн зэвсэг” гэж тодорхойлсон нь ойрын зайн тусгалтай зэвсэг болохыг харуулж байгаа юм.

Шинэ зэвсгээ зөвхөн “нислэгээ залуурдах онцгой чадвартай”, “хүчирхэг цэнэгт хошуутай” гэж тодорхойлжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын Ханойд болсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний хоёр дахь уулзалтаас хойш Пёньян анх удаа олон нийтийн нүдэн дээр зэвсэг туршсан нь энэ юм.

Умард Солонгос 2017 онд дараалан пуужин, цөмийн зэвсгийн туршилтуудыг хийснийхээ дараа АНУ-тай хэлэлцээр хийхээр түр завсарлаад байгаа. Энэ хугацаанд алсын тусгалын зэвсэг огт туршаагүй байна.

 

Эх сурвалж: Associated Press