Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Өнөрбаяр: Одонтой ээжийн тэтгэмжийг хүүхдийн тооноос хамааруулан тогтоох нь илүү шударга

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Жилд нэг удаа олгодог Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж улсын төсөвт багагүй дарамт болдог гэх мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс Өргөдлийн байнгын хороонд өчигдөр танилцуулсан билээ. 

Эхийн алдар буюу бидний хэлж заншсанаар “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонтой ээжүүдэд жилд нэг удаа 200 мянган төгрөг,  хоёрдугаар одонтой ээжүүдэд 100 мянган төгрөгийн тусламжийг насан туршид нь олгодог. 

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр дээрх мэдээлэлд тайлбар хийлээ. 

Тэрбээр “Одонтой ээжүүдийн мөнгийг хасна гэж огт хэлээгүй. Харин нэмэх тухай ярьсан. Өчигдөр Өргөдлийн байнгын хороонд одонтой ээжүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар яамнаас ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн юм. 

Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй ээжид жилд 200 мянган төгрөг өгдөг. 10 хүүхэдтэй ээжид ч адилхан. Тиймээс Нийгмийн хамгааллын багц хуульд шинэчлэл хийхдээ зургаа болон 10 хүүхэдтэй ээжид олгодог мөнгөний хэмжээ ялгавартай байвал ямар вэ гэсэн судалгаа хийж байгаа. Ингэснээр одоо олгож байгаа 200 мянган төгрөгийг буулгах биш шатлалтайгаар нэмэх тухай асуудал ярьсан. 

2006 онд одонтой ээжүүдэд 4.9 тэрбум төгрөг олгож байсан бол 2018 оны гүйцэтгэлээр 30 орчим тэрбум төгрөг болж нэмэгдсэн. 

Манай яаманд нийгмийн халамжтай холбоотой олон санал ирдэг. Энэ дунд халамж хавтгайрч байна, одонтой ээжүүдийн хүүхдийг 18 нас хүрэхээр нь мөнгөн тэтгэмж өгөхийг болиулах зэрэг саналууд ирсэн. Гэхдээ бид энэ саналыг хүлээж авахгүй гэсэн. Харин олгож байгаа урамшууллыг хүүхдийн тооноос нь хамааруулан өөр өөр болгох нь илүү шударга болно гэсэн байр суурьтай байгаа

Мөн дөрвөн хүүхэд төрүүлсэн ч хүүхдийн нэг нь нас барсан тохиолдолд тухайн ээж тэтгэмж авч чадахгүй болж байгаа. 2011 онд хийсэн судалгаагаар 9,000 орчим ийм ээж байгаа юм билээ. Тиймээс дөрвөн хүүхэд төрүүлсэн ч одонгийн тэтгэмж авч чадахгүй байгаа ээжүүдийг хамруулах тухай хуулийн төсөл боловсруулах чиглэлийг Өргөдлийн байнгын хорооноос манай яаманд өгсөн” гэлээ.