Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"V сургуулийн барилгыг актлах шийдвэр гарсан тул энэ хичээлийн жилийг дуусаад хаагдана"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Зургийг "5 сургууль" хуудсаас ашиглав

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй цэцэрлэгийн 51, сургуулийн 29 барилга байгааг 2010 онд НМХГ-аас хэлсэн байдаг. 

Тэгвэл энэ сарын 1-нд Ата-туркийн нэрэмжит V сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул актлах шийдвэрийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.

Энэ талаар БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэбулагаас тодрууллаа.

- Тавдугаар сургуулийн барилгыг актлах шийдвэрийг НМХГ-аас гаргасан. Тэгвэл яг хэзээнээс барилгыг буулгах ажлыг эхлүүлж, хүүхдүүдийг хаашаа  шилжүүлэх вэ?

-Бидэнд ирсэн НМХГ-ийн албан шаардлагад дөрөвдүгээр сарын 1-нээс тус сургуулийн хичээлийн үйл ажиллагааг зогсоох акт тавьсан байсан. Гэхдээ бодит байдал дээр сурагчид тухайн байраа шууд орхиж гарах боломжгүй. Тиймд энэ хичээлийн жилээ дуусгаад, ирэх хичээлийн жилийн есдүгээр сарын 1-нээс өөр сургуульд суралцана.

-Хаана суралцах бол?

-Бид 2018 онд эхэлсэн 640 хүүхдийн сургуулийн барилгаа есдүгээр сарын 1-ний дотор аль болгох дуусгаж, ашиглалтад оруулах бодлоготой ажиллана. Ингэж ашиглалтад орсон тохиолдолд тодорхой хэмжээний хүүхдүүдийг шинэ сургуульд нь оруулна гэсэн үг.

Нөгөө талаар санхүүжилт нь улсын төсөвт 2020 он хүртэл төсөв нь хуваагдаж суусан тул хөрөнгө мөнгөнөөс болоод есдүгээр сардаа ашиглалтад оруулж чадахгүй бол бодлогын хэмжээнд авч үзэн тухайн сургуулийн хүүхдүүдийг шилжүүлэх арга хэмжээ авах байх. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар бид сургуулийн барилгаа яаралтай эхлүүлэх, есдүгээр сардаа багтааж дуусгах арга хэмжээ авч ажиллаж байна.

-Сургуулийн барилгыг хэсэгчлэн буулгана гэсэн. Үүнийг тайлбарлаач?

-Тавдугаар сургуулийн үндсэн барилга нь 1950 онд баригдсан ба ашиглалтын шаардлага хангахаа больсон. Дээрээс найман баллын бүсчлэлд газар нутаг нь орчихсон тул газар хөдлөлт, чичирхийллийг давахгүй гэсэн. Тиймд сургуулийн барилгыг хэсэгчлэн буулгана. Ингэхдээ хуулийн дагуу төсөв батлагдан, зураг төсөл боловсруулагдаж байж буулгах ажлыг эхэлнэ. Юу юугүй нурчих гээд байгаа барилга биш шүү дээ. Мөн өргөтгөл хэсэгт нь хэчнээн хүүхдийн суудалтай барилга барих талаарх судалгаа хийгдэж байна. Ойролцоогоор 960-1,500 хүүхдийн суудалтай сургууль гэж тооцон барилгыг өргөтгөж барих зураг төслийн эхний ээлжийн эскиз зураг боловсруулагдаад явж байна.

Харин Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тус сургуулийн үйл ажиллагаа цаашид хэрхэн явагдах талаар тодруулахад “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул актлах шийдвэрийг гаргасан. Бид одоогоор шинэчлэх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ярьж байгаа. Ямартай ч актлах шийдвэр гарсан тул V сургуулийн үйл ажиллагааг зогсоож, барилгыг буулгана. Яг хэдийгээр буулгахыг одоо хэлж мэдэхгүй байна. Харин сургуулийн зүгээс хүүхдүүдээ хаашаа шилжүүлэх вэ гэдэг бололцоог л хайх байх” гэв.  

Нэмж дурдахад Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэнэ гэдгийг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлж байсан билээ.