Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Кэмбрижийн Их сургуулийн Билл Гэйтсийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт анх удаа Монгол оюутан шалгарчээ

О.Булган, iKon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад хоёрдугаарт бичигддэг, Их Британи улсын Кэмбрижийн их сургуулийн 2019 оны мастер болон докторын зэрэгт суралцах "Gates Cambridge" хөтөлбөрт тэнцэгчдийг хэд хоногийн өмнө зарласан юм.

Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2001 онд өөрийн сайн үйлсийн сан болох "Билл, Мелинда Гэйтс" сангаар дамжуулан олон улсын хөгжиж буй орнуудын ирээдүйн оюутан, судлаач нарыг дэмжих зорилготойгоор нийт 210 сая ам.долларыг хандивлаж байсан юм.

 

Энэ нь тухайн үед Их Британи улсын түүхэнд их сургуульд зориулж буй хамгийн том хэмжээний хандивт тооцогдож байжээ. Тэр үеэс хойш Кэмбриж "Gates Cambridge" хэмээх хөтөлбөрийг нээж, жил бүр салбар салбартаа өөрчлөлт авчирж, нөлөө үзүүлж буй оюутнуудыг шалгаруулах болсон байна.

2001 оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 100 гаруй улсын 1,600 орчим оюутан залуу энэхүү хөтөлбөрт шалгарч хамрагдсан аж. Энэ жилийн элсэгчдийн хувьд дэлхийн 37 улсаас шалгарсан нийт 90 оюутан хамрагдахаар болоод байгаа юм. Мөн энэ удаа өмнө хөтөлбөрт огт хамрагдаж байгаагүй Монгол, Бүгд Найрамдах Бурунди зэрэг улсын оюутнууд шалгарснаараа онцлог болж буйг Кэмбрижийн Их сургуулийнхан онцлоод байна.

"Gates Cambridge" хөтөлбөрт Монгол Улсаас Баясгалангийн Онон шалгараад байна. Тэрбээр тус хөтөлбөрт Conservation Leadership чиглэлээр Мастерын зэргээ хамгаалахаар болсон ба тодруулбал, түүний өмнө ажиллаж байсан Монгол Улсын ноолуурын салбар дахь тогтвортой стандарт, практикийг нэвтрүүлэх арга зам, сүлжээг бий болгох талаар илүү нарийвчилсан судалгааг гүйцэтгэхээр болсон тухай танилцуулжээ.

Түүний Кэмбрижийн Их сургуульд өгсөн танилцуулгад дурдагдсанаар “Монгол Улсын нийт хүн амын тал хувийг эзэлж буй малчдад ноолуурын салбарын зах зээлээс зохих хэмжээний санхүүгийн урамшуулал, тэтгэмжийг олгож илүү хүртээмжтэй болгох нь тогтсон нэг стандарт, журмыг бэхжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээжээ.

Б.Ононгийн хувьд өмнө АНУ-ын Йелийн их сургуульд Байгаль орчны эдийн засаг болон Витманы коллежид Байгаль орчны бодлого зүйг суралцаж, бакалаврын зэргээ хамгаалж байсан удаатай. Түүнчлэн тэрбээр Монгол Улсад Зориг санд ажиллаж байх хугацаандаа ирээдүйн залуу байгаль орчны хамгаалагчдыг бэлтгэх зорилготой "Байгаль орчны манлайллын хөтөлбөр"-ийг санаачилж, эхлүүлжээ.

Сургуулийн зохион байгуулагчдын дурдаж буйгаар хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ өгч буй судлаач, оюутнуудын нас жил ирэх тусам залуужсаар байгаа. Мөн тус хөтөлбөрт өмнө нь хамрагдаж төгссөн 1,300 гаруй төгсөгч дэлхийн улс орнуудын салбар бүрт эерэг өөрчлөлтийг үзүүлж, үлгэр дуурайл болж, манлайлсаар байгааг онцолж байлаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.