Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Газпром гурван жилийн дараа Туркмениэс дахин байгалийн хий авч эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн өмчит Газпром компани Туркменистан улсаас байгалийн хий дахин авч эхэлснээ Даваа гарагт зарлажээ.

Туркменистаны төрийн өмчит Туркменгаз компани энэ мэдээллийг баталсан байна. Гэхдээ ямар хэмжээтэй хийг ямар үнэ тарифаар авч байгаа тухай аль аль тал нь мэдээлэл өгөөгүй юм.

ОХУ нь нэг хэсэг Туркмений хамгийн том хий худалдан авагч байсан бол 2010 онд Хятад улс тэргүүлэх болсон байна.

Оросууд Туркмен болон Төв Азийн бусад орнуудаас хямд үнээр байгалийн хий авч, дотоод хэрэгцээгээ хангасны үр дүнд Европт экспортлох хэмжээгээ нэмэгдүүлж чаддаг юм.

2010 оноос эхлэн жилд 10 тэрбум шоо метр хий авдаг байсан Газпром 2015 оноос уг хэмжээгээ 4 тэрбум болгон бууруулж байв. Дараа нь 2016 оноос эхлэн байгалийн хий авахаа бүр зогсоосон юм.

Ингэснээр Туркменистаны эдийн засаг хүнд байдалд орж, байгалийн хийн ганц худалдан авагч нь Хятад улс болжээ. Өнгөрсөн онд Туркменгаз Хятадын зах зээлд 40 тэрбум шоо метр хийг Төв Азийн дамжуулах хоолойгоор нийлүүлсэн байна.

Харин Газпром компани 2019 онд багтаан дорнод Сибириэс Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Байгалийн хийн экспорт нь буурсан Туркмен улсын засгийн газар жилийн өмнө иргэддээ үнэ төлбөргүй хий, цахилгаан, ундны ус түгээдэг явдлыг зогсоох шийдвэр гаргаж байв. Төрийн ийм халамжийн систем тус улсыг тусгаар тогтносноос хойш бараг 25 жил үргэлжилсэн юм.

Үүнээс гадна эдийн засгаа байгалийн хийн экспортоос хамааралгүй болгохын тулд ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов саяхан улс орноо хэрсэн автозамын сүлжээ байгуулах томоохон төсөл эхлүүлсэн. Энэ нь бүс нутгийн худалдаанд Туркмен улсыг түлхүү оролцуулах зорилготой юм.

Туркменистан улс батлагдсан байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог боловч экспортлох дэд бүтэц муу хөгжсөн нь сул тал болдог.

 

Эх сурвалж: Reuters