Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жаргалсайхан: Ардчиллын буянаар найрлаж яваа авлигачин дарга нартай ажиллаж чадахгүй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан намын ахмад гишүүд намаасаа гарч буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүн Д.Жаргалсайхан “Бид улс орондоо хүмүүнлэг,  энэрэнгүй сайхан ирээдүйг бий болгоно гэж мөрөөдөж ирсэн. Өнөөдөр гурван сая хүн бус 30 гэр бүл улс орны ашиг шимийг хүртэж байна.

АН-ыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд улс орондоо хэрэгтэй ардчиллыг бий болгож чадахгүй луйварчид болцгоосон. Тиймд нийгэм, эдийн засгийн хямралыг улсдаа бий болгосон хүмүүстэй цаашид хамтрах  боломжгүй болсон тул Ардчилсан намаас гарч бодит ардчиллыг бий болгох, үндэсний эрх ашгийг дээдэлдэг улс төрийн хүчинтэй нэгдэж явах саналтай байна. Ардчиллын буянаар найрлаж яваа авлигачин дарга нартай баг болон ажиллаж чадахгүй.

Олон залуучууд өнөөдөр амьдрахын эрхэнд гадаад уруу гарч ажиллаж байна. Бас авлига хэрээс хэтэрснийг бүгд мэдэж байгаа. Жишээ нь гаальд ажилд ороход 40 сая төгрөг нэхдэг асуудал ил тод. Ер нь Ардчилсан намын гишүүн байхад өгч байсан татварууд нь авлигалын нэг хэлбэр юм. Нийслэлийн Ардчилсан намын сонгуульд орохын тулд 50 сая төгрөг намдаа өгдөг. УИХ-д өрсөлдөж байгаа хүмүүсээс 250 сая төгрөг нэхдэг. Авсан мөнгийг нь эргэж тайлагнадаггүй. Энэ бол нийтлэг гашуун үнэн.

Харин цаашид бид улсдаа хөгжил авч ирэх, монгол хүнийг дээдэлсэн, хөгжлийн чиг баримжаатай улс төрийн хүчнийг дэмжээд явах ёстой. Олон нийт та бүхэн ч бас тунгаан бодож, бодит ардчиллын төлөө нэг баг болж ажиллаарай. Мөн бид цаашид ардчилсан холбооныхоо үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна.

Улс төрийн хүчнүүдийг мөрийн хөтөлбөр, үзэл санааг нь  харж судалж байгаад дараагийн 30 жил улс орноо хөгжилд хүргэж чадах хүмүүстэй нэг баг болж ажиллана. Улс үндэстнээ бодсон залуучууд гараад ирэх байх гэж итгэж байна. Авлигад зориулсан ардчилал биш ард түмэнд зориулсан ардчиллын төлөө бүгд нэг баг болон ажиллахыг уриалж байна" гэв.

Намаараа талцах үзэгдэл Монголд эмгэнэл болсон

Өвөрхангай аймгийн АН-ын гишүүн Х.Лхагвасүрэн: "Би 1989 оноос эхлээд Монголын ардчилсан холбооны үйл ажиллагаанд оролцож, АН-ыг байгуулахад үлдсэн цөөн хүмүүсийн нэг. Өнгөрсөн хугацаанд ардчиллын үр шимийг цөөн хэдэн олигарх хүртэж байгаад харамсаж байна. Надад намаас гарах гурван шалтгаан бий.

  1. АН-ын дарга С.Эрдэнэ болон бусад МАНАН мафийн гар хөл болон хүмүүстэй хамтарч ажиллах итгэл төрөхгүй болсон.
  2. 2000 оноос хойш ардчилсан нам байхгүй болж албан тушаалын нэгдэл болж хувирсан.
  3. Намаараа талцах үзэгдэл Монголд эмгэнэл болсон.

Хөдөө орон нутагт Ардчилсан намын дэлгүүр, Ардын намын дэлгүүр гэж бий болсон байна. Тиймд цаашид энэ намд байх шаардлагагүй" гэлээ.