Хүн төрөлхтний гараар бүтэж буй аж үйлдвэржилт, уул уурхайн олборлолт зэрэг олон хүний буруутай үйл ажиллагааны улмаас гарч буй хүлэмжийн хийн хэт ялгарлаас болж сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхий эрчимтэй халж, дэлхийн улсуудад янз бүрийн байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, өөрчлөлтүүд ажиглагдах болсныг та бүхэн мэдэж байгаа байх.
Тэгвэл үүнтэй холбогдуулан НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Засгийн газар хоорондын олон улсын мэргэжилтнүүдийн хороо буюу IPCC байгууллагаас өнгөрсөн оны сүүлээр дэлхий нийтэд танилцуулсан "1.5 C-ын дулаарал" хэмээх тусгай тайланд дэлхийн дулаарлыг зогсооход хүн төрөлхтөнд 12 жил үлдсэн ба түүнээс хойш бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх боломж бага болохыг зарлаж, хэр их хэмжээний хор хөнөөл авчрах боломжтойг танилцуулсан нь дэлхийн улсуудыг цочроосон үйл явдал болоод байсныг бид өмнө мэдээлж байсан билээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо буюу IPCC-тэй хамтран төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилготой "1.5C-Бидэнд хугацаа байна уу?" сэдэвт арга хэмжээг энэ сарын 16-17-ны хооронд зохион байгуулж байгаа юм.
Тус арга хэмжээний үеэр "1.5C-ын дэлхийн дулаарал" тусгай тайланг бэлтгэн гаргасан олон улсын шинжээч, мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар сүүлийн үеийн баримт мэдээ, бүсийн хэмжээнд нөлөөлж буй нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын хандлагын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм.
Монгол Улсын хувьд Парисын гэрээг 2016 онд соёрхон баталсан ба үүний хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах, 2020 он гэхэд энэ зорилтоо ахиулан, шинэчлэн тодорхойлохоор ажиллаж буйг дуулгаж байна.
Олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн илтгэлд дурдагдсан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгааны онцлох баримтыг танилцуулж байна:
IPCC судалгааны багийн гишүүн Лоурдес Тибиг "Азийн бүс нутаг болон Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт"-ийн талаар:
Азийн Технологийн Институтийн судлаач, IPCC судалгааны багийн гишүүн Жойшири Рой "Дэлхийн дулаарал 1.5 хэмд хүрэхэд хэр их хэмжээний өөрчлөлт дагуулах" талаар:
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улсуудын үзэглэсэн "Парисын гэрээ"-ний хүрээнд улс орнууд дор бүрнээ дунд болон урт хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг тавьж, нийгэм эдийн засгийн тогтолцоог ялгарал багатай, ногоон болгох эрс тэс өөрчлөлтийг нэн яаралтай хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.