Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Бразил, Колумби улсууд цэрэг зэвсгийн хүчээр халдан довтлох гэж байгааг Венесуэлийн дэд ерөнхийлөгч мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Венесуэль улсын эрх баригчид АНУ, Бразил, Колумби улсуудыг өөрийнх нь нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулахаар бэлдэж байгааг мэдээлжээ.

Тус улсын дэд ерөнхийлөгч Дэлси Родригез “Венесуэль улс руу зэвсгийн хүчээр халдан довтлох төлөвлөгөө боловсруулагдаж байгааг олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий дахинд хууль дүрэм сахиулах зорилготой байгууллагууд мэдвэл зохино” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

“АНУ, Бразил, Колумбийн удирдагчид Венесуэлийн ард түмний хүсэл сонирхлыг үл хайхран цэргийн ажиллагаанд бэлдэж байна” гэж тэр нэмж хэлжээ.

Хэрвээ эдгээр улсуудын засаг захиргаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, олон улсын хууль дүрмийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг Родригез анхааруулсан байна.

Нэгдүгээр сарын 23-нд тус улсын парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн хууль ёсны удирдагчаар зарласны дараа дэлхийн улс орнууд хоёр хуваагдаад байгаа билээ.

Хуан Гуайдог АНУ тэргүүтэй Латин Америкийн зарим орнууд, Европын Холбооны хэд хэдэн орнууд дэмжиж байгаа. Харин одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ, Боливи, Иран, Куба, Никарагуа, Сальвадор, Турк улсууд дэмжиж байгаа юм.

Хятад улс болон НҮБ-ын удирдлага Венесуэлийн дотоод хэрэгт оролцохоос татгалзаж, сөргөлдөөнийг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийг уриалж байна.

 

Эх сурвалж: ТАСС