Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д анхны Төрийн айлчлалаа хийнэ

Б.Ану
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр БНХАУ-ын "Бүс ба зам" олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцох ба тус уулзалтаас өмнө БНХАУ-д анхны төрийн айлчлалаа хийхээр төлөвлөсөн байна.

2019 оны хувьд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой. 

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ байгуулагдсан байдаг.

Мөн 1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ой тохиож байгаа юм.

Хоёр орны сүүлийн жилүүд дэх төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлын үр дүнг харвал:

  • 2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.
     
  • 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.
     
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.
     
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.
     
  • 2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан.

Харилцан хийсэн гол айлчлалууд:

Монголын талаас:

  • 1998, 2004, 2010, 2015 онд Ерөнхийлөгч,
  • 1994, 2000, 2008, 2014 онд УИХ-ын дарга
  • 1992, 1996, 1999, 2002, 2006, 2009, 2011, 2013, 2017, 2018 онд Ерөнхий сайд

Хятадын талаас:

  • 1991, 1999, 2003, 2014 онд Улсын дарга
  • 1997, 2013 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга
  • 1954, 1960, 1994, 2010, 2016 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд
  • 2018 онд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И
  • ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун нарын айлчлалыг нэрлэж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэл хангах айлчлалыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын эхээр хийсэн бөгөөд энэ үеэрээ  хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд хэрэгжих өндөр, дээд түвшний харилцан айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж, хоёр талын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхээр талууд санал нэгдсэн тухай ГХЯ мэдээлж байсан билээ.

Түүнчлэн хоёр талын худалдааны 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж шинэ түвшинд гаргах, чингэхдээ худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон байдаг. 

Төрийн айлчлалын дараагаар залгах "Бүс ба зам" дээд түвшний чуулга уулзалт болох ба 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байсан юм. 

 

"Бүс ба зам" дээд түвшний чуулга уулзалтад 30 орчим орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагууд, бусад олон зочин төлөөлөгч оролцдог олон улсын чухал уулзалтын нэг болоод буй.