Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Башар Асад: Сирийн хотуудад сэргээн босголтын ажил эхэлсэн

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын “TBS” телевизэд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа ноён Ерөнхийлөгч өө. Одоогийн байдлаар Сирийн нөхцөл байдал болон ирээдүй ямар байна вэ?

-Олон орноос төрөл бүрийн тусламж Сирийн өнцөг булан бүрт хүрч байгаа. Бүх зүйл өнгөрсөнтэй харьцуулахад харьцангуй дээрдэж байгаа. Одоо бидэнд зөвхөн хүлээх л үлдсэн.

-Шилжилтийн Засгийн газар байгуулахыг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Бүх зүйл Үндсэн хуульд заасны дагуу болох ёстой. Бид Засгийн газар, сөрөг хүчин эсвэл террорист бүлэглэлийн тухай яриагүй шүү дээ. Энэ бүх хэлэлцээр, уулзалт зөвхөн сиричүүдийн төлөө. Харин манай улсын Үндсэн хуульд шилжилтийн Засгийн газрын талаар юу ч тусгаагүй. Үндсэн хуульд зааснаар ямар ч нам, улс төрийн хүчин Засгийн газрыг удирдаж болно гэж заасан байдаг. Түүнчлэн эвслийн Засгийн газар гэж бий.

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын баримталж буй бодлого Сирид хэрхэн нөлөөлж байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөс яг юу хүлээж байна вэ?

-Дональд Трамп өмнөх Ерөнхийлөгчдөөс нэлээд ялгаатай бодлого баримталж байна. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчдийн олонх нь нэгэн хэвийн бодлого баримталж байсан. Хэрвээ чи гаднын хэвлэл мэдээлэлд ач холбогдол өгдөг бол Дональд Трампыг дэлхийн улс орнууд хэрхэн тодорхойлж буйг төвөггүйхэн мэдэх болно. Жишээ нь, АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг таамаглахын аргагүй хэмээн тодорхойлж байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийнхаа компанит ажлын үеэр “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэдэг терроризмын эсрэг тэмцэх нэг хэлбэр. Гэхдээ “аль Нусра”, “аль Каида” зэрэг томоохон террорист бүлэглэлүүдийг мартаж болохгүй. АНУ-ын Ерөнхийлөгчөөс хүлээж буй хүлээлт бол терроризмын эсрэг тэмцэл. Терроризм бол зөвхөн Сирийн асуудал биш, Ойрхи Дорнод болон дэлхийн асуудал болоод байна.

-Аллепо төдийгүй Сирийн бүхий л газар нутгийг ОХУ болон Сирийн Засгийн газрын цэргийн хүчин бөмбөгдөж буйг дэлхийн улс орнууд төдийгүй, хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байна. Энэхүү эмгэнэлт явдал нь террористуудын хяналтад байгаа бүс нутгийг чөлөөлөхөд зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан уу?

-ОХУ болон Сирийн Засгийн газар гэмгүй ард иргэдийг бөмбөгдөж байна гэх мэдээлэл Их Британи, АНУ, Саудын Араб, Франц зэрэг намайг албан тушаалаасаа буувал бүх зүйл шийдэгдэнэ гэж үздэг улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн цацаж буй нь худал мэдээлэл. Эдгээр улс террористуудыг дэмждэг. Хамгийн гол шалтгаан бол өнгөрсөн зургаан жилийн турш яагаад ийм олон гэм зэмгүй иргэн амиа алдах болов. Үүний шалтгаан нь юу юм бэ гэдгийг тодорхойлох. Түүнчлэн намайг болон миний удирдаж буй Засгийн газрыг ард иргэд өөрийн хүсэлтээр сонгосон. Тиймээс бид хүлээсэн үүргийнхээ дагуу ард иргэдээ террористуудаас хамгаалахыг хичээж байна. Сирид дайн болж байгаа. Муу дайн, сайн дайн гэж байхгүй. Дайн болж буй газар их бага хэмжээгээр цус урсах нь тодорхой. Надаас маш олон сэтгүүлч янз бүрийн асуулт асууж байсан. “Засгийн газар нь яаж энгийн иргэдээ алж чадаж байна аа” гэсэн асуулт ч асууж байсан. Хэрэв Засгийн газар өнгөрсөн зургаан жилийн турш ард иргэдээ бөмбөгдсөөр байсан бол ард иргэд тэвчинэ гэж үү. Энэ үнэхээр ямар ч логикгүй зүйл.

-Сирийн Засгийн газрын хүчинг хлорын хий агуулсан бөмбөг ашиглаж байж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн хоёр жил гарах болсон. Энэ тухай юу хэлэх вэ?

-Та химийн зэвсгийн тухай яриад байх шиг байна. Химийн зэвсэг маш богино хугацаанд олон мянган хүний аминд хүрэх хүчин чадалтай. Хэрэв Сирид химийн зэвсэг хэрэглэсэн бол иргэний дайн зургаан жилийн турш үргэлжлэх байсан гэж үү.

-Өнгөрсөн хугацаанд олон мянган сири хүн дүрвэж байх үедээ амиа алдлаа. Амиа алдагсдын дунд олон мянган насанд хүрээгүй хүүхэд байсан. Ерөнхийлөгчийн хувьд та ямар хариуцлага хүлээх вэ?

-Сири хүн бүр зовж шаналж байна. Дүрвэгсэд, амиа алдсан хүмүүс бага насны хүүхдүүд бүгд үнэхээр харамсалтай. Энэ бүгдийг эхлүүлсэн хүмүүс л үүнийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй.

-Энхтайван цогцлоохын тулд та огцроход бэлэн үү?

-Сирийн Ерөнхийлөгчийг огцруулах уу, үлдээх үү гэдэг сиричүүдийн асуудал. Үүнд сири хүн бүрийн үзэл бодол чухал. Би ард түмний сонголтоор Ерөнхийлөгч болсон. Миний огцрох эсэхийг сиричүүд л шийднэ.

-Сирийг сэргээн босгох төлөвлөгөө гаргасан уу?

-Засгийн газар иргэний дайн дуусахыг хүлээлгүй бүтээн байгуулалтаа хийж эхэлсэн. Дамаск, Аллепо зэрэг олон хотод сэргээн босголтын ажил явагдаж байгаа. Хотуудыг террорист бүлэглэлүүдээс чөлөөлснийхөө дараагаас эхлээд л сэргээн босголтын төлөвлөгөө гаргаж эхэлсэн. Анх Сири Улсыг сиричүүд өөрсдөө л бүтээж байсан. Гаднын улс орнуудын инженер техник, технологийг ашиглаж байсан удаа бараг байхгүй. Тиймээс энэ удаа ч гэсэн бид өөрсдийн инженерүүд болон ард иргэдийнхээ хүчээр Сири Улсыг дахин бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Мэдээж сэргээн босголтод маш их хөрөнгө зарцуулах нь тодорхой. Энэ тал дээр ОХУ, Иран, БНХАУ тусална гэдгээ илэрхийлээд байгаа. Өөр олон орон туслах талаар хэлэлцэж байгаа. Ер нь бол Сири Улсыг сэргээн босгоход хөрөнгөөс гадна маш их хугацаа шаардлагатай. Хамгийн гол нь бүгдийг байсан хэвэнд нь оруулах шүү дээ.

Миний санааг зовоож буй ганц асуудал бол “Исламын улс” болон “Аль Нусра” бүлэглэлийн хяналтад олон жил байсан бүс нутгийн ард иргэд террорист бүлэглэлийнхэнд “толгойгоо угаалгачихсан” байх вий гэдгээс санаа зовж байна. Учир нь тэд нар олон жилийн турш аллага, харгис хэрцгийллийн гэрч болсон. Дэд бүтцийн сэргээн босголтоос гадна ард иргэдийн оюун санааг “сэргээх босгох” хэрэгтэй байна.

-Сирийн дэд бүтцийг сэргээхэд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-Дунджаар 400 тэрбум ам.доллар. Хамгийн багадаа 200 тэрбум ам.доллар. Гэхдээ одоо хүртэл зарим бүс нутаг террористуудын хяналтад байгаа учраас нарийн тооцоолох боломжгүй байна.

-Өнгөрсөн жил Сирийн Засгийн газраас эх орондоо буцаж, ирээгүй ард иргэдийн өмч хөрөнгийг улсын өмч болгох тухай хууль баталсан. Энэ нь Сирийн дүрвэгсдийг эх оронд нь албадан ирүүлэх гэсэн оролдлого уу?

-Энэ ерөөсөө албадаж буй зүйл биш. Албадан ирүүлэх, албадан гаргах гэдэг бол шүүхийн тогтоолоор шийддэг асуудал. Засгийн газрын зүгээс ард иргэдээ эх оронд нь авчрах гэсэн оролдлого. Хэрвээ тухайн иргэн буцаж ирэхгүй, буцаж очихыг хүсэхгүй байвал бид юу ч хийж чадахгүй.

-Сирийн Засгийн газрын цэргийн хүчний хамгийн ойрын холбоотон нь ОХУ болон Иран Улс. Иргэний дайн дууссаны дараа ОХУ, Иран Сирийн дотоод асуудалд нөлөөлөх вий гэх айдас танд төрж байв уу?

-Миний хувьд Орос, Ираны иргэд Сирийн иргэдээс ялгаагүй. Тэд манай улсын хамгийн ойрын холбоотноос гадна Сирийн тусгаар тогтнол, үндэсний шийдвэрийг хүндэтгэж буй орнууд юм. Сирийн тусгаар тогтнолыг хүндэтгэдэг учраас ирээдүйд Сирийн дотоод асуудалд оролцохгүй.

-Өнгөрсөн хугацаанд маш их цус урслаа. Энхтайван тогтоохын тулд сөрөг хүчинтэй эрх мэдлээ хуваалцахад бэлэн үү?

-Би дайн эхлэхээс өмнө буюу 10 жилийн өмнө Ерөнхийлөгч болсон. Барууны орнууд террористууд болон босогчдыг зэр зэвсэг шаардлагатай бүхнээр хангаагүй байсан бол ингэж их цус урсахгүй байх байсан. Одоо ч цус урссаар л байна. Цус асгаруулсан бүхэн хариуцлагаа хүлээх ёстой.

 

Эх сурвалж: http://www.ekathi-merini.com

Зураг