Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бид эх түүхийнхээ эзэд нь

Д.Ариун
2019 оны 4 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг

20 гаруй жил эх түүх, их хаадын сэдвээр дагнан ажилласан “Төрт ёс, хаадын сан”-гийн тэргүүн, зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлсийг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

-Өнөөдрийн амьдарч байгаа цаг үеэ түүх судалдаг бичгийн хүний нүдээр харж, үнэлбэл юу хэлэхсэн бол?

-Түүх бүхэлдээ ч юм уу, хэсэг бусгаар давтагдаад байх шиг байдаг. Үүнийг дам сургаар аль эсвэл таамаглаж хэлж байгаа хэрэг огт биш. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал бага хаадын, заримдаа Манжийн үеийг санагдуулдаг. Ганц жишээ хэлэхэд Эсэн тайш охин дүүгээсээ төрсөн хүүг хаан ширээнд суулгахаар санаархаж, Тогтобух хаантай тэмцэлдэж байхад Тогтобухын дүү Агваржин жонон Эсэн тайшийн талд урваж ахыгаа ялагдуулсан байдаг.

Тэгээд Тогтобух өс санасан хадам эцэгтээ хорлогдож үхсэн. Дараа нь Махагүргисийг бага байхад нь хаан суулгаад төрийн хэргийг Болай гэж ноён мэдэж байсан байдаг. Үүний дараа Молоныг хаан суулгаж мөн л Муулихай ван гэгч төрийн эрхийг барьж байсан. Тэгснээ удалгүй Муулихай ван Молонгоо хороочихсон байх жишээтэй. Энэ бол XV зууны дундаас хойш үеийн хэрэг явдал.

Нэлээд наашлаад Манжийн үед Гуан сюй юань бао гэсэн дөрвөн үсэгтэй 50 лангийн ембүү улс орноосоо илүү мөнгөнд хайртай хүмүүсийн авдарт их хураагдсан. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдалтай адилхан байгаа биз. Нэг улстөрч ойрын хамаатнаа дарга болгохоор санаархаж, нөгөө нь өөрийн мэдэлгүй явж, бусад нь хутган үймүүлж, зарим нь авлигад идэгдэж ард түмнээ бодохгүй үгүйрүүлэн хоосруулж байна. Түүхийн сайн ч бидний багш, муу нь ч бидний багш юм. Ялангуяа, улстөрчид түүхээ мэддэг байх хэрэгтэй. Түүхээ мэдэхгүй хүн эх оронч, тусгаар тогтнолын үзэл санаанд үнэнч байж чаддаггүй юм. Өнөөдөр зөвхөн бизнес хийж байгаад улс төрд орж ирвэл бизнесээс өөр юу мэдэхэв. Бизнесээ ч олигтой хийж чадахгүй, буян хийж мэдэхгүй, нийгмийн хариуцлагаас хол тийм л улс гарч ирнэ. Харин ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгө мөнгөтэй болж улс орондоо татвараа төлөөд явж байгаа хүмүүсийг бол хүндлэх хэрэгтэй. Зөвхөн улс төрд орох гэсэн бодолтой, хэдэн зууны байтугай хэдхэн жилийн өмнөх хэрэг явдлыг ч үл мэдэх хүмүүс улс төрд орвол аюултай. Учир нь тэд холыг харж чадахгүй. Эх оронч, үндсэрхэг байж чадахгүй. Хойшид хэдэн зуун жил ард түмэндээ муу хэлэгдэж, үр хүүхэд, ач гучаараа хараалгаж явна гэдэг хэцүү.

 

-Өнөөдрийн улстөрчид түүхээ мэдэхгүй байгаа нь дорой байгаагийн нэг шалтгаан байх нь?

-Тэгж ойлгож болно. Түүхээ мэдэхгүйгээс гадна түүхээ хүндлэхгүй, холыг харахгүй байгаа нь дорой байгаагийн нэг шалтгаан. Цорын ганц биш байх л даа. Гэхдээ л том шалтгааны нэг. Тиймээс улс төрд орох хүмүүсээс түүхийн шалгалт авч, тусгаар тогтнолын үзэл санаанд хэр үнэнч байна вэ гэдгийг нь мэдсэний үндсэн дээр сонгуульд оруулж байвал зүгээр санагддаг.

Төрийн албан хаагчид бүхэлдээ биш гэхэд УИХ-ын гишүүн болох, Засгийн газарт орох хүмүүсээс ийм шалгалт авч байхад илүүдэхгүй. Гишүүн болсных нь дараа сард нэг удаа түүхчдээр яриа хийлгэж яагаад болохгүй гэж. Тэд ч гишүүн болчихсон гэж томроод байх шаардлагагүй. Тэд бидний л нэг. Энгийн биднээс нэг их дээрдээд байх юмгүй улс. Тиймээс тэднийг дахин боловсруулж, үндсэрхэг үзлийг нь лавшруулж байх хэрэгтэй. Үндсэрхэг хүн адаглаад ард түмнээ бодно. Амьдрал зөвхөн өнөөдрөөр дуусахгүй гэдгийг мэднэ. Монгол бол зөвхөн монгол хүн төдийгүй, мал сүрэг, араатан жигүүртэн, гол ус, уул хангай, хээр говь, ой мод, хад чулуу нь юм гэдгийг мэдэх болно.

-Энэ бүхнийг мэдүүлэх нь зөвхөн түүхчдийн үүрэг үү?

-Зөвхөн түүхчдийнх биш ээ. Түүхчид хийгээд эх оронч сэтгэлтнүүд, эрдэмтэд, уран бүтээлчид оюун сэтгэлгээний түүчээ байх ёстой. Тэднийхээ үгийг авч байх нь хэдэн доллар өгөөд ихэнхийг нь буцаагаад авчихдаг гадны төсөл хөтөлбөрийнхний үгийг сонсохоос дээр. Монгол хүн монгол хүнээ хэдийнээс тоохоо больчихов гэдэг их сонин асуудал. Манж, Оросын үеэс л юм даа. Харин өнөөдөр цаг өөр болсон. Монголоо гэсэн элэг зүрхтэй монгол хүмүүс өөр хоорондоо эвсэн нийлж, нэгдэн ойлголцож байж Монгол хөгжинө. Ард түмэн ч бас хандлагаа өөрчлөх ёстой. Ард түмэн хандлагаа өөрчлөхөд дургүй байдаг хэсэг зарим давхаргад бий гэдэгт би сүүлийн үед итгэх болсон. Ард түмнийг ядуу байлгахыг зарим улстөрч хүсч байна гэхэд би эхэндээ итгэдэггүй байсан. Гэтэл тийм зүйл байдаг юм байна. Ард түмэн ядуу байвал боловсорч хөгжиж чадахгүй.

Боловсорч хөгжинө гэдэг ахуй амьжиргааны наад захын асуудлаа шийдсэн улсын хийх ажил. Гэтэл асуудлаа шийдэж чадаагүй улс яаж боловсорч чадах вэ. Ном авснаас талх авсан нь дээр шүү дээ. Тэдний ч буруу биш. Ямар турж үхэлтэй биш. Боловсорч хөгжөөгүй болохоор хүнд итгэхдээ, хууртахдаа амархан. Улстөрчдөд салхи шуурга шиг хууртахдаа амархан, дүгнэлт хийхдээ маруухан, гэнэн итгэмтгий хүмүүс л хэрэгтэй.

 

-Хүмүүсийнхээ оюуныг тэлж, түүх соёлоо мэдүүлэхийг зорьж зогсолтгүй ажилладаг байгууллагын хувьд сүүлийн үеийн сониноосоо хуваалцаач?

-Бид түүхч эрдэмтэд, мэргэжлийн уран бүтээлчид, судлаачидтайгаа мөр зэрэгцэн зогсолтгүй ажиллаж байна. Хүмүүс зуны гурван сарыг амралт зугаалга болгодог бол бид бүтээл туурвилын сар болгож зогсолтгүй ажилласаар ирсэн. Монголчуудын ахуй амьдрал ийм байхад бидэнд амарч суух зав чөлөө байдаггүй. Магадгүй та нартай та наргүй амьдрал үргэлжилнэ гэх хүмүүс гарч ирэх л байх. Гэхдээ бидэнд итгэл үнэмшил байдаг юм. Монгол түмний сүр сүлдийн билэг тэмдэг болсон их хаадын сэдэв агуулгаар дагнан ажилладаг байгууллага учраас манай үйл ажиллагаа түр хугацаанд ч зогсч болохгүй гэж бид үздэг.

Нөгөө талаар ямар ч үед бидэнд ханддаг үндэсний сэхээтнүүд, түүх соёлоо дээдэлдэг хүн олон байдаг. Ухамсарт амьдрал бол гэнэтийн ямар ч их ашгаас хавьгүй чухал зүйл гэдгийг өөрсдөөрөө мэдрүүлэхийг хичээдэг. Бидний бүтээл зарим хүнд хэрэг болдог, сэтгэлд нь гэрэл гэгээ өгдөг гэдэгт эргэлздэггүй. “Төрт ёс, хаадын сан”-гийн сүүлийн үед хийхээр төлөвлөж буй ажил гэвэл орон даяар хэрэгжих “Эх түүхийн эзэд” төсөл юм. Манай байгууллага түүхэн ном бүтээл туурвихаас гадна баримтат кино хийх, уран зураг, баримал шуумал бүтээх, их хаадын тэгш дүүрэн ойг ёслон тэмдэглэх гээд олон талт үйл ажиллагаа явуулдаг. Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн төслөөр “Монгол хатад” гурван ангит баримтат кино хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Эх түүхийн эзэд төслийнхөө талаар танилцуулбал?

-Монгол хаадын намтар цадигийг он цагийн хувьд эрэмбэлэн толилуулсан “Монгол хаад” 11 боть түүхийн их шастир, Их эзэн Чингис хааны сэнтийдээ заларсан зураг, Монголын нууц товчооны дэлгэмэл хувилбар гэсэн бүтээлийг ерөнхий боловсролын бүх сургуульд залах төсөл юм. Монгол хаадын намтар цадиг бол Монгол Улсын түүх. Тиймээс хүүхэд багачууд маань хаадынхаа түүхийг уншиж, их хааныхаа дүр төрхийг харж өсөг. Нэгэн их нүүрнээ толилуулсан Монголын нууц товчоо сургууль соёлын газарт сүр хүчит энергиэ цацруулж байг. Энэ бүхэн өнөөдрийн хүмүүст дутагдаад байгаа эх оронч, үндсэрхэг үзлийг залуу үеийнхний сэтгэл санаанд хоногшуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ төслийн санааг ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдөө гаргасан. Бид эхэндээ ном бүтээлээ хандивладаг байсан ч сүүлдээ ачааллаа дийлэхээ больсон.

Сургуулиуд, эмзэг бүлгийнхэн, хүүхэд багачуул гээд бидний хандивласан ном бүтээл тоогоо алдсан. Тиймээс төслийн хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Төслийг Хакухо сан, Номин Холдинг гэсэн хоёр том байгууллага дэмжин оролцож байгаа. Цаашид ямар ч байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн. Энэ сарын 16-наас эхлэх энэ төслийг дэмжиж нэг сургуульд хэрэгжүүлэх хүмүүс, нэлээд хэдэн сургуульд хэрэгжүүлэх байгууллага гарч ирж байгаад манай сангийн Эрдмийн зөвлөл их урамтай байгаа. Төгссөн сургуульдаа “Эх түүхийн эзэд” төслийг хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэгч хэмээн нэр устайгаа бичигдэх нь ирээдүй үедээ хийж буй оюуны томоохон хөрөнгө оруулалт гэдгийг ойлгосон хүмүүс энэ төсөлд хамрагдаж байна.

 

-Та төслийн ач холбогдлыг хэрхэн харж байна?

-Төсөл үр дүнтэй байх ёстой. Монголчууд нэгдэж чаддаг юм гэдгийг “Эх түүхийн эзэд” төсөл харуулна.

Хүүхдийн сэтгэл оюунд ухамсарт байдлаар суух боловсрол, түүнчлэн ухамсарт бус байдлаар суух боловсрол гэж байдаг. Ухамсарт боловсролоос гадна ухамсарт бус байдлаар суух боловсрол насан туршид хадгалагдаж, үр хойчдоо үлддэгийг эрдэмтэн судлаачид, сэтгэлзүйчид баталсан. Эцэст нь монголчуудын эртний гүн ухаанаас эшлэхэд тэнгэр ивгээсэн хүнд хийморь ирэх билээ. Өнөөдөр дан биет байдлаар, материалист ёсоор асуудалд хандах нь болхи хандлагын илрэл болжээ. Монголчууд зөн билигтэй ард түмэн. Зөн билэг зөв байвал дараах алхам нь зөв байдаг.

Энгийнээр хэлэхэд амьдрал хийгээд ажил үйлсийн бүтэмж хиймориос шалтгаалдаг. Тэгвэл хийморь орчин цагийн хүмүүсийн хэлдгээр энергиэс хамаарна. Энергийг хүн нойр, хоол, агаараас авдаг. Бас мэдлэгээс, түүн дотроо эх түүхийн боловсрол, байгаль дэлхийгээ хайрлах өвгөдийн ухаанаас авна. Мэдлэгээс энерги авна гэдэг сонин юм шүү. Түүхээ мэддэг хүн өвөг дээдсээ хүндэтгэнэ. Өвөг дээдсээ хүндэтгэдэг хүнийг өвгөдийн сүр сүлд тэтгэнэ. Түүхээ мэддэг хүн нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлана. Өөрийг нь хайрладаг хүнд нутаг ус, байгаль дэлхий энергиэ харамгүй өгнө. Орчин цагийн үгээр илэрхийлэхэд өвгөдийн ухааны охь дээжис ийм юм даа.

Зураг