Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Израйльчууд саран дээр газардах хоёр дахь хөлгөө бүтээж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Израйлийн бизнесмэнүүдийн санхүүжүүлсэн “Beresheet” хөлөг сарны гадарга дээр буух гэж байгаад осолдсон билээ.

Гол хөдөлгүүр нь эвдэрснээс “Beresheet” хөлөг сарны татах хүчийг сааруулж дийлэлгүй унаж сүйрсэн юм.

Ингэснээр Израйль улс саранд хүрсэн дөрөв дэх үндэстэн болох боломжоо алдсан. Мөн амжилттай болсон бол саранд хүрсэн анхны хувийн санхүүжилттэй хөлөг гэсэн алдрыг хүртэх байв.

“Beresheet” хөлгийг бүтээхэд зарцуулсан $90 сая орчмын хөрөнгийн ердөө $2 саяыг Израйлийн засгийн газар гаргаж, бусдыг нь израйль гаралтай тэрбумтнууд гаргажээ.

Тэгвэл Ням гарагт “Beresheet” хөлгийг бүтээсэн SpaceIL төслийг санаачлагч, тэрбумтан Моррис Кан хоёр дахь хөлгийг бүтээхээр шийдсэнээ зарласан байна.

Тэрээр “Beresheet 2.0” хөлгийг өмнөх алдаан дээрээсээ суралцах замаар шинэчлэн бүтээж, зорилгоо гүйцээхээр болсныг мэдэгджээ. Хөлгийг зохион бүтээх багийнхан Даваа гарагт цуглаж эхний ажилдаа орно гэж Кан хэлсэн юм.

Одоо 89 настай Моррис Кан нь Өмнөд Африкт төрсөн, ӨАБНУ-ын иргэн, жүүд гаралтай тэрбумтан ажээ. 

Эх сурвалж: Engadget